Сангийн яамны хэрэгжүүлдэг "Тогтвортой амьжиргаа-3"/ТА-3/ төслөөс 2016 оноос эхлэн жил бүр 330 сумын Орон нутгийн хөгжлийн сан/ОНХС/-ийн үйл ажиллагааг үнэлдэг "Жилийн гүйцэтгэлийн үнэлгээ" /ЖГҮ/-ий 2021 оны дүн эцэслэн гарлаа. Энэ оны хувьд өмнөх жилүүдийн адил сумдын ОНХС-ийн үйл ажиллагааг “олон нийтийн оролцоо”, “төлөвлөлт”, “ил тод байдал”, “хэрэгжилт”, “хяналт, шинжилгээ-үнэлгээ”, “өмчлөл” гэсэн 6 бүлгийн нийт 34 үзүүлэлтээр дүгнэсэн бөгөөд 330 сумаас гадна Төв, Увс, Өмнөговь, Сүхбаатар, Өвөрхангай, Орхон 6 аймгийн ОНХС-г туршилтын байдлаар үнэлснээрээ онцлог байв. 

     Үнэлгээ анх хийж эхэлсэн жил буюу 2016 онд 330 сумын дундаж оноо 31,62% байсан бол энэ дүн жил ирэх тусам өссөөр 2021 оны ЖГҮ-ээр 63,42% болж өслөө. 

     ТА-3 төслөөс оноо бага авсан бүлэг үзүүлэлтүүдийг нэмэгдүүлэх, цаашлаад бүх бүлэг үзүүлэлтүүдийг жигд сайжруулах тал дээр анхаарч, орон нутгийн ажилтнуудын чадавхыг бэхжүүлэх сургалтууд, иргэдийг мэдээллээр хангах зорилготой олон нийтэд хандсан мэдээлэл сурталчилгааны материал, нэвтрүүлгүүд бэлтгэн түгээх, сумын түвшинд иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд орон нутгийн Засаг захиргаатай хамтран дэд төслүүдийг зохион байгуулах, хууль тогтоомж, хяналт-шинжилгээ, үнэлгээний хувьд боловсронгуй болгох зэрэг олон талт үйл ажиллагааг хэрэгжүүлсээр байна. 

     2021 оны ЖГҮ-ий үр дүнд суурилан 2022 онд 215 сум "урамшуулал" авах болзол хангаад байна. Үүнээс 90-ээс дээш оноо авсан 16 сум, 80-89 оноо авсан 49 сум, 70-79 оноо авсан 54 сум байв. Аймгуудын дунджаар 2016 онд хамгийн өндөр оноо авсан аймаг 50,3 оноо авч байсан бол 2021 онд 87 болж өссөн бол хамгийн бага нь 22,7 оно авч байсан бол 2021 онд 39,6 болж өсчээ.

     2022 онд нийт 215 суманд 7 орчим тэрбум төгрөгийн урамшуулал олгох бөгөөд энэ нь нийт 330 сумын 65% нь юм. Дээр дурдсанчлан хамгийн өндөр оноо буюу 90-100 оноо авсан 16 сум 2021 оны ОНХС-ийн санхүүжилтийн 50%-тай тэнцэх хэмжээний "урамшуулал" авах бол 80-89 оноо авсан 49 сум 40%-тай тэнцэх, 70-79 оноо авсан 54 сум 30%-тай тэнцэх, үлдсэн 96 сум 25%-тай тэнцэх хэмжээний урамшууллыг авах болзол хангаад байна. 

     2021 оны ЖГҮ-ээр бүх сум нь "урамшуулал" авах болзлыг Баянхонгор, Говьсүмбэр, Өвөрхангай аймгууд хангасан бол нэг ч сум нь болзол хангаагүй аймаг байгаагүй.

     ТА-3 төсөл 2016-2020 онд 330 сумын ОНХС-нд ЖГҮ хийж байсан бол 2021 онд 6 аймгийн ОНХС-д туршилтын байдлаар ЖГҮ хийсэн. Үүнд Төв, Увс, Өмнөговь, Сүхбаатар, Өвөрхангай, Орхон аймгууд орсон бөгөөд хамгийн өндөр нь Өвөрхангай аймаг 73 оноогоор үнэлэгдсэн бол хамгийн бага нь 9 оноогоор Орхон аймаг үнэлэгджээ. Харин Өмнөговь аймаг 26 оноо, Сүхбаатар аймаг 16 оноо, Төв аймаг 31 оноо, Увс аймаг 12 оноо тус тус авчээ. 

 

 

2021 оны 11 сарын 01

Түгээх