Улиран одож буй 2022 оныг цар тахлын жилүүдийн дараа ажил, амьдрал хэвийн байдал руу шилжиж буй шилжилтийн он байлаа. Та бидний хамтын ажиллагааны үр дүнд амжилт, ололт арвинтай, ахиц дэвшил дүүрэнтэй жил болж өнгөрлөө.

     “Тогтвортой амьжиргаа-3” төсөл үйл ажиллагааныхаа хүрээнд орон нутгийн төрийн албан хаагчдаас гадна нийслэл хотын төрийн албан хаагчдад чиглэсэн сургалтуудыг цахимаар болон газар дээр нь хийж, ОНХС-ийн Удирдлагын мэдээллийн системээ төрийн үйлчилгээг чирэгдэлгүй, нэг дор төвлөрүүлэх боломжоор хангах үүднээс Төрийн үйлчилгээний нэгдсэн систем болох И-Монголиатай холбох, ОНХС-ийн УМС дээр суурилсан иргэдийн санал авах гар утасны аппликейшнийг ашиглалтад оруулж 200 гаруй мянган иргэдийн саналыг цахимаар авч, ОНХС-ийн үйл ажиллагааг иргэд болон төрийн албан хаагчид бие даан судлах боломжтой болгох үүднээс бие даан суралцах цахим платформыг бий болгох, иргэдэд мэдээлэл түгээх, ОНХС-ийн хяналтын шатанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх дэд төслүүдийг сумдад хэрэгжүүлэх зэрэг дурдвал олон ахицтай ажлын ард гарч чаджээ.

     Үүнээс гадна төслөөс 2016 оноос хойш жил бүр сумын ОНХС-ийн үйл ажиллагааг үнэлдэг “Жилийн гүйцэтгэлийн үнэлгээ”-ий үр дүнд улсын дундаж хувь 67.7%-д хүрсэн нь орон нутагт ажиллаж байгаа төслийн ажилтнууд болон аймаг сумдын удирдлагуудын хүчин чармайлтай үр дүн байсан гэдгийг онцлон дурдахад таатай байна. Энэ бол та бидний хамтын ажиллагааны үр дүн билээ.

     Ирж буй 2023 онд таны санасан зорьсон хэрэг бүтэмжтэй байж, юу санасан хүсэл бүхэн нь биелж, аз хийморь, амжилт бүтээл дүүрэн байхын ерөөл дэвшүүлж, шинэ оны гал халуун мэндийг хүргэе!

     Биднийг дэмжиж, хамтран ажилладаг нийт төрийн албан хаагчид, иргэд, хамтрагч байгууллагууддаа дахин, дахин талархал илэрхийлье!

2022 оны 12 сарын 31

Түгээх