2024 онд сум, дүүргийн ОНХС-ийн санхүүжилтээр хийгдэх хөрөнгө оруулалтад иргэдийн санал авах ажил үргэлжилж байна. Жил бүр 6 дугаар сарыг дуустал хийгддэг санал авах ажлыг ихэвчлэн цаасаар авдаг байсан бол өнгөрсөн жилээс “ОНХС” гар утасны аппликейшн ашиглан цахим хэлбэрээр авч эхэлсэн.

     Өнгөрсөн жил буюу 2022 онд анх удаа улс орон даяар цахимаар санал авахад 200 гаруй мянган цахим санал ирсэн бөгөөд үүний 10 гаруй хувь буюу 27 мянган санал орон нутгаас гарсан байна. Хэдийгээр иргэдийн дийлэнх нь цаасан хэлбэрээр саналаа өгдөг ч цаашдаа техник технологийн дэвшлийг ашиглах, өөрийн өгсөн саналдаа итгэлтэй байх, хэн нэгэн таны өмнөөс санал өгөхгүй байх, заавал төрийн ажилтан ирж санал авахыг хүлээхгүй байх, нааш цааш явж чирэгдэл болохгүй, цаашлаад төрийн хэмнэлтийн хуулиар бодит зардал хэмнэх гээд олон давуу талтай юм. 

     2013-2022 онд ОНХС-д нийтдээ 1,5 орчим их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн бол 2023 онд аймаг, нийслэл, сум, дүүргийн ОНХС-д 298 тэрбум төгрөгийн санхүүжилт төсөвлөгдсөн. Иргэн та "ОНХС" гар утасны аппликейшн ашиглан 2024 оны ОНХС-ийн санхүүжилтээр хэрэгжих хөрөнгө оруулалтад 6 дугаар сарын 15 хүртэл саналаа өгөх юм. 

     “Орон нутгийн хөгжлийн сан” бол иргэдийн саналаар амьдарч буй орчноо сайжруулахад шаардлагатай хөрөнгө оруулалтыг хуваарилдаг сан юм. Энэ жилийн хувьд аймаг, нийслэл, сум, дүүргийн “Орон нутгийн хөгжлийн сан”-нд нийтдээ 300 орчим тэрбум төгрөг хуваарилагдахаар төсөвт батлагдсан байна. Аймаг, нийслэл нь үүний 50-аас доошгүй хувийг сум, дүүргийнхээ орон нутгийн хөгжлийн санд хуваарилдаг бөгөөд аль аль нь ялгаагүй иргэдийн саналд тулгуурлан зарцуулагдах хөрөнгө юм. Иймээс яг үүнтэй адил дараа жил хуваарилагдах мөнгөөр юу хийлгэх вэ гэдгийг та бид энэ жил саналаа өгч шийдэх юм.


     Төрийн үйлчилгээг чирэгдэлгүй, нэг дор, уялдаа холбоотой байх үүднээс бид ОНХС-ийн санал авах ажлыг мөн И-Монгол цахим хуудас болон И-Монгол гар утасны аппликейшнтэй холбосон. Ингэснээр “Үйлчилгээ” хэсгээс ОНХС-ийн санал өгөх гэж ороод саналаа өгөх боломжтой болсон. Харин “ОНХС” гар утасны аппликейшнийг утсандаа тусад нь татаж суулгаснаар тухайн иргэний оршин сууж байгаа газрын ОНХС-д хэдэн төгрөг хуваарилагдсан, хэдэн санал гарсан, түүгээр нь ямар ажлууд хийгдсэн гээд бүх нарийн дэлгэрэнгүй мэдээллийг, зураг хөрөгтэй нь үзэх боломжтой гэдгээрээ онцлог. Тиймээс “ОНХС” аппликейшн бол мэдээлэл авах, буцаагаад хяналт тавих, саналаа өгөх гээд олон талын ач холбогдолтой, таны гар утсан дээр байх ёстой аппликейшнуудын нэг юм. 

     “Орон нутгийн хөгжлийн сан”-ийн цахим санал авах үйл ажиллагаа 6 дугаар сарын 15-ыг хүртэл улс орон даяар үргэлжилнэ. Орон нутагт 4 дүгээр сарын 1-ээс эхлэн цахимаар санал авч эхэлсэн бол нийслэл хотод 4 дүгээр сарын 15-аас санал авч эхэлнэ. Иргэн та амьдарч буй орчноо сайжруулахын тулд шүүмжилж суух биш өөрийн санаачилгыг гарган “ОНХС” аппликейшнийг яг одоо гар утсандаа суулгаад цахим санал асуулгад идэвхтэй оролцохыг уриалж байна. 

2023 оны 04 сарын 01

Түгээх