Хэнтий аймаг 2016-2018 онд нийт 11 орчим тэрбум төгрөгийн ОНХС-ийн хөрөнгийн эх үүсвэрээр 688 хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээг хэрэгжүүлснээс аймгийн ОНХС-ийн 4,5 тэрбум төгрөгөөр 41 хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээг хэрэгжүүлжээ. 

                Дээрх ажлуудаас онцлон дурдвал Хэрлэн сумын 3-р багийн нутаг дэвсгэрт байрлах ашиглалтгүй болоод байсан “Цэцэрлэгт хүрээлэн”-г 2018 онд аймгийн ОНХС-ийн 111,6 сая төгрөгийн санхүүжилтээр тохижуулж, иргэдийн чөлөөт цагаа өнгөрүүлэх, тав тухтай орчинд амрах боломжийг бүрдүүлэв. 

    
                 Мөн аймгийн ОНХС-ийн 250,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Ахмадын ордон”-той болж ахмад, өндөр настнууд үйл ажиллагаа явуулах нөхцөл, боломжоор хангагдав.

               Шинээр ашиглалтад орсон “Шинэ Өндөрхаан” хорооллын гадна холбоожуулалтын ажлыг 67,9 сая төгрөгийн санхүүжилтээр “Мэдээлэл холбооны сүлжээ” ТӨХК-аар хийж гүйцэтгүүлснээр суурин утас, интернэтийн үйлчилгээ авах боломжгүй байсан 168 өрх холбооны үйлчилгээ авах боломжтой болжээ.


                   

                  2018 онд аймгийн ОНХС-ийн 390,6 сая төгрөгийн санхүүжилтээр Баян-Адарга суманд төвлөрсөн дулаан хангамжийн систем байгуулан бүрэн ашиглалтад оруулснаар сумын төсөвт байгууллагуудыг төвлөрсөн дулаан хангамжид холбосон байна.
    

                  Түүнчлэн Хэрлэн сумын 1, 5 дугаар багт 24 цагийн ажиллагаатай ухаалаг худагтай болсон нь гэр хорооллын иргэдийн цэвэр усны хангамж хүртээмжийг сайжруулсан чухал арга хэмжээ болсноос гадна сургууль, цэцэрлэгийн ариун цэврийн байгууламжийг сайжруулах, хог ачих машин зэргийг ОНХС-ийн хөрөнгө оруулалтаар иргэдийн саналд тулгуурлан шийдвэрлэсэн байна. 

                   Хэнтий аймаг 2019 онд ОНХС-ийн 5,6 тэрбум төгрөгийн хөрөнгийн эх үүсвэрээр хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл арга хэмжээг хэрэгжүүлнэ.

2019 оны 01 сарын 18

Түгээх