Төслийн нэр: “Тогтвортой амьжиргаа-3” төсөл

Хэрэгжих хугацаа: 2015-2023 он

Хэрэгжүүлэгч: Сангийн яам 

Санхүүжилт: 
-    Дэлхийн банк, Олон улсын хөгжлийн ассоциацийн зээл 24,8 сая ам.доллар
-    Швейцарын хөгжлийн агентлагийн буцалтгүй тусламж 5.6 сая ам.доллар

Нэмэлт санхүүжилт: 12 сая ам.доллар

       Зорилтот бүлэг:

-    330 сумын төр, захиргааны байгууллагын албан хаагчид
-    330 сумын иргэд                                                                                               

       Зорилтот бүс нутаг: Монгол Улсын 330 сум

    Зорилго: “Тогтвортой амьжиргаа-3” төсөл нь орон нутагт тэргүүлэх шаардлагатай хөрөнгө оруулалтыг төлөвлөх, хэрэгжүүлэх, түүнд засаглал болон иргэд, олон нийтийн оролцоог сайжруулахад оршино. Засгийн газрын төвлөрлийг сааруулах бодлогын цөм болсон Төсвийн тухай хуулийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх. 

     “Тогтвортой амьжиргаа-3” төсөл нь 2002 оноос эхлэн 12 жилийн хугацаанд хэрэгжсэн “Тогтвортой амьжиргаа” хөтөлбөрийн 3 дахь шат юм.

     2002-2007, 2007-3013 онуудад хэрэгжсэн нэг, хоёрдугаар төслийн хүрээнд орон нутгийг хөгжүүлэх явцад учирч буй эрсдэл, эмзэг байдлыг бууруулах, төвлөрлийг сааруулах, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, орон нутгийн санхүүгийн зах зээл болон бүтээгдэхүүнийг дэмжихэд шинэ арга санаачилгыг нэвтрүүлж, туршихад чиглэгдэж ирсэн. 

     Хөтөлбөрийн өмнөх үе шатны адилаар ТА-3 төслийн үр шимийг хүртэгчид нь орон нутгийн нийт хүн ам байх бөгөөд тэдгээр нь энэхүү төслийн хүрээнд орон нутгийн засаглалыг сайжруулах, төрийн санхүүгийн ил тод, үр дүнтэй удирдлага болон Орон нутгийн хөгжлийн сангийн үр шимийг эдлэх болно. 

Төсөл нь 3 бүрэлдэхүүн хэсэгтэй:                                                                                                                                                                                                                                                      
1.    Орон нутгийн засаглал, амьжиргааны чадавхыг бэхжүүлэх

     Орон нутгийн хөгжлийг дэмжих Засгийн газрын хөтөлбөр, бодлого, механизмыг хэрэгжүүлэхэд төв, орон нутгийн түвшинд чадавхыг бүрдүүлж, улмаар бэхжүүлэх зорилготой. Ялангуяа ОНХС-ийн үйл ажиллагааг үр дүнтэй, үр ашигтай, цаг хугацаанд нь удирдан зохион байгуулах үүрэгтэй орон нутгийн төр, захиргааны байгууллагуудын чадавхыг бэхжүүлэх юм.     
 Тухайн орон нутгийн хэрэгцээ, шаардлагад үндэслэн ОНХС-ийн үйл ажиллагааг төлөвлөх, төсөвлөх, хэрэгжүүлэх болон хяналт тавих чиглэлээр төслөөс орон нутгийн төр захиргааны байгууллага болон иргэд, олон нийтэд сургалт зохион байгуулж, техникийн тусламж дэмжлэг үзүүлж байна. 

 

2.    Сайн засаглал, үр дүнд суурилсан дэмжлэг үзүүлэх хөтөлбөр

   Төсөв боловсруулах, батлах, төсвийн гүйцэтгэлийг хангах, бүртгэх, тайлагнах, дотоод болон хөндлөнгийн хяналт, иргэд, олон нийтийн хяналт зэрэг төсөв санхүүгийн бодлого, төлөвлөлтийн бүхий л үйл ажиллагаанд сайн засаглалыг бэхжүүлэх зорилготой. 
    Тодруулбал сумын төсөв санхүүгийн удирдлагын бүтэн жилийн мөчлөг, ОНХС-ийн төсөв болон санхүүгийн бусад эх үүсвэрийн үйл ажиллагаанд “Жилийн гүйцэтгэлийн үнэлгээ”-ээр тодорхой болзол хангасан сумдад нэмэлт урамшуулал олгож байна. 

 

3.    Төслийн хяналт-шинжилгээ, үнэлгээ ба тайлагнал

    Төсөл хэрэгжүүлэх нэгжийн үйл ажиллагааг дэмжих зорилготой ба төслийн хэрэгжилтийн үр дүнд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, ОНХС-ийн хэрэгжилт, үр дүнг хянах системийг сайжруулахад Сангийн яаманд дэмжлэг үзүүлэхэд чиглэгдэнэ.
 

 

 

2018 оны 10 сарын 01

Түгээх