Сүхбаатар аймгийн сумдын ОНХС-ийн үйл ажиллагаа жил бүр сайжирсаар байна. "Тогтвортой амьжиргаа-3" төслөөс сумдын ОНХС-ийн үйл ажиллагаанд  хийдэг "Жилийн гүйцэтгэлийн үнэлгээ"-ээр анхны жил буюу 2016 онд Сүхбаатар аймгийн 13 сумын дундаж үнэлгээ 23% байсан бол 2020 онд 67% болж өссөн байна. 

     Үүний үр дүнд 2021 онд тус аймгийн нийт 13 сумаас 10 сум нь Гүйцэтгэлд суурилсан "урамшуулал" болох нийт 335 сая төгрөгийг сумынхаа ОНХС-нд нэмэлтээр авах болзол хангасан бол Уулбаян сум 330 сумаас 3 дугаарт эрэмбэлэгдсэн амжилттай байна. 

     ОНХС-ийн үйл ажиллагааг үнэлэхдээ иргэдийн оролцоо болон ОНХС-ийн үйл ажиллагаагааг хууль, журмын дагуу хэрхэн удирдан зохион байгуулсан зэрэг 6 бүлгийн 34 үзүүлэлтээр үнэлдэг бөгөөд Сүхбаатар аймгийн Уулбаян сумын хувьд 2 дахь жилдээ эхний арван сумын жагсаалтад багтлаа.

     Мөн 2021 онд "Тогтвортой амьжиргаа-3" төслөөс Сүхбаатар аймгийн бүх сумдын ОНХС-нд нийт 95 сая төгрөгийн санхүүгийн "ерөнхий дэмжлэг" үзүүлж байна.

     Түүнчлэн "Тогтвортой амьжиргаа-3" төслөөс сумдын ОНХС-ийн үйл ажиллагаа, иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд арга зүйн дэмжлэг үзүүлдэг бөгөөд сумдын удирдлагууд төлөвлөлтөө хийж байгаа энэ цаг үед төсөл болон Сүхбаатар аймаг дахь чадавх бэхжүүлэх багийн гишүүд хамтран бүсчилсэн сургалтуудыг зохион байгуулж байна. 

     Сургалтын зорилго нь төсвийн хөрөнгө буюу ОНХС-ийн санхүүжилтийг төлөвлөх, зохион байгуулах, удирдах, гүйцэтгэлийг хангах, өмчийг бүртгэхэд албан хаагчдыг арга зүйгээр хангах, иргэдэд мэдээ мэдээллийг хэрхэн зөв зүйтэй хүргэх, иргэдээ оролцуулах тал дээр  зөвлөмж, мэдээлэл өгч ажиллаж байна.

Сүхбаатар аймгийн мэдээ үзэх

2021 оны 04 сарын 24

Түгээх