"Тогтвортой амьжиргаа-3" төслөөс "Орон нутгийн хөгжлийн сангийн хэрэгжилтэд тулгамдаж буй асуудал, сайжруулах арга зам" сэдэвт хэлэлцүүлгийг орон нутгийн төрийн албан хаагчдыг оролцуулан зохион байгууллаа. "Орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагааны журам"-ыг Сангийн сайдын 2018 оны 9 дүгээр сарын 12-ы өдрийн 228 дугаар тушаалаар баталсан бөгөөд батлагдсанаас хойшхи хоёр жилийн хугацаанд тус журмыг дагаж мөрдөж ажиллахад хүндрэл, бэрхшээл тулгамдаж буй эсэх, хэрэв байгаа бол түүнийг хэрхэн сайжруулах арга замыг энэхүү хэлэлцүүлгээр эрэлхийлэх зорилготой. 

     Хэлэлцүүлгийг төслийн захирал Г.Золбоо нээж "ОНХС-ийн үйл ажиллагааг гардан зохион байгуулж ажилладаг та бүхнээс журмын хэрэгжилт хөрсөн дээрээ бууж хэрэгжихэд тулгамдаж буй асуудлыг сонсох, тодорхойлон гаргах, түүнийг шийдвэрлэх арга зам, сайжруулах боломжийг эрэлхийлэх зорилгоор энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. Иймд та бүхэн үнэтэй саналаа хэлж, шийдлийг хайхад хамтдаа оролцоно гэдэгт итгэж байна" хэмээсэн юм.  

     Хэлэлцүүлэгт Дархан-Уул, Өвөрхангай, Ховд, Хэнтий аймгуудын төлөөллүүд ОНХС-ийн үйл ажиллагаа болон төслөөс хийдэг "Жилийн гүйцэтгэлийн үнэлгээ"-ий талаар илтгэлүүдийг тавьж тухайн аймаг, сумдад ОНХС-ийн үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулдаг талаар туршлага солилцож, тулгамдаж буй асуудлаа, шийдвэрлэх арга замын хамт танилцууллаа. 

     ОНХС-ийн хөрөнгийг зарцуулахдаа иргэдээс санал авч, Иргэдийн нийтийн хурлаар хэлэлцэн баталсны үндсэн дээр тухайн саналуудыг сум/дүүргийн ажлын хэсэг нэгтгэн эрэмбэлж, цаашлаад Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь баталдаг, баталсан саналуудыг дараа оны гүйцэтгэлээр хэрэгжүүлдэг үйл явц юм. Энэхүү үйл явц бүр нь хууль, журмаар заасан хугацаатай байдаг ба иргэдээс санал авах хугацаа нь сум/дүүргийн хувьд жил бүрийн 1-5 дугаар сард, аймаг/нийслэлийн хувьд 7 дугаар сард иргэдээрээ хэлэлцүүлдэг. Тэгвэл оролцогчдоос энэхүү хугацааг малчид, иргэдийн хаваржилт, зуны амралт, баяр наадмын байдлаас шалтгаалан хойшлуулах шаардлагатай байгааг дурдаж байв. 

        Мөн энэ сангийн үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, иргэдийг мэдээллээр хангадаг байхад төрийн албан хаагчдын оролцоо нэн чухал бөгөөд ОНХС-ийн үйл ажиллагааг хариуцсан мэргэжилтэнтэй болох шаардлагатай байгааг хэлж байлаа. 

     ОНХС-ийн санал өгөх үе шатанд иргэдийн оролцоо сайжирч байна. Харин энэ сангийн хөрөнгөөр хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрт хяналт тавихад иргэдийн оролцоо бага байгаа нь мэдлэг, мэдээлэлгүй, энэхүү төслүүдийг иргэд өөрсдөө хянаж, сайжруулж байх шаардлагатай гэсэн ухамсрын үүднээс оролцох тал дээр дутагдалтай байгааг хэлж байв. Тиймээс энэ чиглэлд иргэдээ илүү сайн чадавхжуулах, мэдээллээр хангах нь чухал байна гэсэн юм. 

     Сумдын хувьд иргэдээсээ саналыг нь авч, журмын дагуу эрэмбэлэн нэгдсэн жагсаалтыг гаргадаг боловч Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар батлах үе шатанд иргэдээс санал аваагүй хөрөнгө оруулалт, төслүүд батлагддаг байдал байсаар байгааг мөн онцолж байлаа. Иймд Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдийг чадавхжуулах, ОНХС-ийн санал авах үйл ажиллагаанд биечлэн оролцуулах шаардлагатай байгааг ч дурдсан юм. 

     "Тогтвортой амьжиргаа-3" төсөл нь 330 сумын ОНХС-ийн үйл ажиллагааг сайжруулах тал дээр олон талт үйл ажиллагааг хэрэгжүүлсний үр дүнд сумдын ОНХС-ийн үйл ажиллагаа жил ирэх бүр сайжирч байна. Тухайлбал сумдын ОНХС-ийн үйл ажиллагааг үнэлдэг "Жилийн гүйцэтгэлийн үнэлгээ"-ий үр дүн анхны жил буюу 2016 онд 32 хувь байсан бол 2020 онд энэ оноо 60 хувь болж өсөөд байна. Хэлэлцүүлгийн хоёр дахь өдөр нийслэл, дүүргийн төлөөллийг оролцуулан үргэлжилнэ. 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2020 оны 10 сарын 05

Түгээх