МУ-ын Сангийн яамны хэрэгжүүлж буй "Тогтвортой амьжиргаа-3" /ТА-3/ төсөл нь хөдөө орон нутагт тэргүүлэх ач холбогдол бүхий хөрөнгө оруулалтыг төлөвлөх, хэрэгжүүлэх, түүнд засаглал болон иргэд, олон нийтийн оролцоог сайжруулах зорилгоор 2015-2022 оны хугацаанд хэрэгжиж байна. Өөрөөр хэлбэл тус төсөл нь 330 сумын "Орон нутгийн хөгжлийн сан"/ОНХС/-ийн үйл ажиллагааг зохион байгуулагч төрийн албан хаагчдыг чадавхжуулах, иргэд олон нийтийг ОНХС-ийн үйл аажиллагаанд идэвхтэй оролцдог болоход дэмжлэг үзүүлэн ажилладаг. ОНХС бол иргэдийн саналд тулгуурлан зарцуулдаг орон нутгиийн төсвийн нэгээхэн хэсэг юм. 

     ТА-3 төслөөс жил бүр сумдын ОНХС-ийн үйл ажиллагааг үнэлдэг "Жилийн гүйцэтгэлийн үнэлгээ"-ий 2016, 2017 оны үр дүнгээс үзэхэд тус сангийн үйл ажиллагаанд иргэдийн оролцох байдал хангалтгүй байсан тул төслийн зүгээс 2018, 2019 онуудад "ОНХС-ийн үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх сайн туршлагын дэд төслүүд"-ийг 21 аймаг, 241 суманд хэрэгжүүлсэн билээ. 

   Эдгээр сайн туршлагын дэд төслийг хэрэгжүүлсэн аймгуудын нэг Хөвсгөл аймаг. Хөвсгөл аймаг нь алслагдсан Тайгад амьдардаг үндэстний цөөнх болох Цаатан ясныг хамруулсан сургалт, арга хэмжээг зохион байгуулснаар Цаатан иргэдийг ОНХС-ийн үйл ажиллагаанд татан оролцуулах эхлэл болов. 

     Цаатангууд нь Хөвсгөл аймгийн хамгийн хойд хэсэг болох Цагааннуур сумын нутаг Улаан тайгад цаа буга маллан амьдардаг Тува ястнууд юм. Цаа буга нь тэдний амьжиргаагаа залгуулах гол аж ахуй нь бөгөөд  одоогоор Цагааннуур суманд 80 орчим өрхийн цаатан иргэд аж төрж байна. Цаа буганы идэш тэжээлээс шалтгаалан өвөлдөө 29-53 хэмийн хүйтэн, зундаа 12-23 хэмийн дулаантай эрс тэс уур амьсгалд далайн түвшнээс дээш 2500-3500 метрийн өндөрт Тайгын гүнд нүүдэллэн амьдардаг. Тайгад тээврийн хэрэгслээр хүрч очиход хүндрэлтэй байдаг тул цаатан иргэд цаа бугаа уналгад ашигладаг. Зарим холхон газраас цаа буга унаж сумын төв ороход 2 өдөр зарцуулдаг байна. 

"Зарим холхон газраас цаа буга унаж сумын төв ороход 2 өдөр зарцуулдаг байна."

     Энэхүү алслагдмал байдлаас шалтгаалан төрийн үйлчилгаа авах болох ОНХС-ийн үйл ажиллагаанд саналаа гаргах, Иргэдийн нийтийн хуралдаа оролцох нь хүндрэлтэй асуудал юм. Иймээс Хөвсгөл аймгийн дэд төслийн багийнхан Цаатан иргэдийн саналыг "Бүлгийн ярилцлага" хэлбэрээр авах боломжтой гэж үзжээ. 

     "ОНХС-ийн үйл ажиллагааны журам"-д бүлгийн ярилцлагаар санал авах тохиолдолд 50-аас доошгүй/сус, дүүргийн төвөөс алслагдсан баг, хорооны хувьд 30-аас доошгүй/ иргэний бүрэлдэхүүнтэй бүлгийн ярилцлага, хэлэлцүүлгийг тус бүр хоёроос доошгүй удаа зохион байгуулахаар тусгасан байдаг. 

     Баруун, зүүн тайгын иргэд 2 өдрийн сургалтад хамрагдсанаар ОНХС-ийн үйл ажиллагаанд оролцох, саналаа гаргах, эрэмбэлэх, ОНХС-ийн хөрөнгө оруулалтын зарцуулалтад гар бие оролцох боломжтой гэдгийг ойлгож авснаа онцолж байлаа. 

    Зүүн тайгын цаатан иргэн П.Хадбаатар: “Би урьд өмнө нь энэ төрлийн сургалтад хамрагдаж үзээгүй. Одоо би ОНХС-нд саналаа гаргаж болохоос гадна энэ сангийн үйл ажиллагаанд оролцох нь ямар чухал вэ гэдгийг ойлгож, мэдэж авлаа”.

Зүүн тайгын иргэн Б.Болормаа: "ОНХС-ийн хөрөнгийг аль болох олон хүн үр ашгийг нь хүртэх боломжтой хөрөнгө оруулалтуудад зарцуулдаг юм байна. Иргэд бидэнд энэ сангийн үйл ажиллагаанд оролцох боломж байгаа нь сайхан санагдаж байна".     

     Зүүн тайгын иргэн Т.Моолоол: “Бид алслагдсан бүс нутагт амьдардаг учраас ОНХС-ийн үйл ажиллагаанд оролцож чаддаггүй байсан. Одоо ОНХС-ийн талаар сайн мэдээлэлтэй болсон. Энэ мөнгө бол иргэдийн төсөв юм байна. Тиймээс цаашид жил бүр саналаа гаргаж оролцож байх болно".

     Зүүн тайгын иргэн М.Түвшинжаргал: "Сургалтын үеэр бид Багийн төвийн барилга, цаа бугын бэлчээрийн менежмент, зам барих болон хүн, малын эрүүл мэндийн асуудлуудыг гаргаж ирлээ. Бид асуудлаа гаргаж саналаа зөв гаргах, эрэмбэлэхэд суралцсан учраас цаашид ОНХС-ийн үйл ажиллагаанд саналаа гаргаж орлцож байх болно".

Дэд төслийн хүрээнд аймаг, сумын төрийн албан хаагчид мөн ОНХС-ийн үйл ажиллагаанд алслагдсан багийн иргэдээ хэрхэн оролцуулж болдог талаар суралцсан гэсэн юм.      

Цагааннуур сумын ИТХ-ын дарга С.Навчаа: "Бид урьд өмнө нь хэрхэн ажилладаг байсандаа дүгнэлт хийж байна. Алслагдсан багт амьдардаг, ОНХС-ийн үйл ажиллагаанд оролцож чаддаггүй хүмүүстээ хүрч үйлчлэх ёстой юм байна гэдгийг сурч, мэдэж авч байна".

     Хөвсгөл аймгийн засаг дарга Л.Ганболд: “ТА-3 төслөөс зохион байгуулдаг үйл ажиллагааны хүрээнд манай сумдын ОНХС-ийн үйл ажиллагаа сайжирч, иргэдийн оролцоо нэмэгдэж байгаад талархалтай байна".

    Хөвсгөл аймгийн Цагааннуур суманд хэрэгжсэн дэд төслийн хүрээнд ОНХС-ийн талаарх мэдээллийг цаатан иргэдэд амжилттай хүргэлээ. Нэгэнт мэдлэг, мэдээлэлтэй болсон иргэд өөрсдийн амьдарч буй орчноо сайжруулах, сайн сайхан амьдралынхаа төлөө ОНХС-ийн үйл ажиллагаанд оролцож, саналыг гаргаж, хэрэгцээгээ тодорхойлон оролцох нь дамжиггүй. 


 

2020 оны 09 сарын 28

Түгээх