Сумын төсвийн ил тод байдлын хэрэглүүрийг 330 суманд ашилаж эхэллээ

     “Тогтвортой амьжиргаа-3” төслөөс иргэдэд төсвийн талаарх мэдээллийг хүргэх, төсвийн мэдээллийн ил тод байдлыг хангах зорилгоор “Сумын төсвийн ил тод байдлын хэрэглүүр”-ийг бүтээж, 330 суманд хүргүүлэн, ашиглаж эхэллээ. Энэхүү хэрэглүүр нь Эксел программ дээр суурилсан бөгөөд сумын албан хаагч хүснэгтэд шаардлагатай мэдээллүүдийг шивж оруулахад А3 хэмжээ бүхий 3 нүүр, өнгөт зурагт хуудас автоматаар бий болдог. 

     Ингэснээр тусгайлсан мэргэжлийн дизайнерын шаардлагагүйгээр оффисын программ дээр ажилладаг ямар ч албан хаагч энэхүү зурагт хуудсыг нөхөн бөглөж, өнгө, дүрслэл, график, тоон мэдээлэл бүхий зурагт хуудсыг хэвлэхэд бэлэн болгох боломжтой юм. 

     Сумын ерөнхий мэдээлэл, орлого, зарлагын тэнцэл, сумын төсвийн орлого, сумын зарлага, “Орон нутгийн хөгжлийн сан”-ийн мэдээлэл болон түүнд оролцох иргэдийн оролцооны үе шатуудыг агуулсан мэдээлэл бүхий тус зурагт хуудас нь төсвийн мэдээллийг иргэдэд энгийн, хялбараар мэдээлэх, төсөвт иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд ач холбогдолтой гэж сумын албан хаагчид үзэж байна. Тухайлбал: 

Дархан-Уул аймгийн Хонгор сумын ЗДТГ-ын ажилтан Н.Бурмаа: “Монгол улсын бүх сум төсөв, дэд бүтцийн тоон мэдээллийг иргэдэд ойлгомжтой нэг стандартаар хүргэж байгаа нь маш таалагдсан. Анхан шатанд ажиллаж байгаа бидэнд мэдээллийг оруулахад хялбар болж байна. Бид сумын түвшинд сумын Засаг даргын үйл ажиллагааны тайлангийн сэтгүүлд оруулж, өрх бүрд хүргүүлэхээр ажиллаж байна”,

Говь-Алтай аймгийн Шарга сумын ЗДТГ-ын Санхүүгийн албаны дарга Н.Гэрэлмаа: "Сумын төсвийн бүх мэдээллийг агуулахдаа иргэдэд хүргэхэд маш ойлгомтойгоор бодож хийсэн нь таалагдаж байна",

Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын ЗДТГ-ын ажилтан А.Батдолгор: "Маш их таалагдсан. Анх удаа төсвийн бүх мэдээллийг цомхон, графиктай, зурагтай, ойлгомжтой байдлаар мэдээлэх боломжоор хангасанд баярласан. Ил тод байдлын самбар дээрээ байршуулан ажиллаж байна. Энэ нь манай сумын мэдээллийн ил тод байдлын үзүүлэлтийг өсгөж, төр иргэний хоорондын харилцааг сайжруулж байгаа ажил болж байгаад талархалтай байна",

Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын ЗДТГ-ын ажилтан Р.Алагаа: "Динамик хэрэглүүрийг ашиглахад хялбар буюу үзүүлэлтүүдийг оруулаад дараагийн зурагт хуудсууд ойлгомжтой байдлаар хэвлэхэд бэлэн болдог. Сумын төсөвтэй холбоотой мэдээллийг нэг дороос авах, ашиглах, түгээхэд ач холбогдолтой байна", 

Өвөрхангай аймгийн Тарагт сум Санхүүгийн албаны дарга Б.Саруул: "Сумын төсвийн ил тод байдлыг хангахад маш том ахиц болсон. Төсөвтэй холбоотой бүх мэдээлэл нэгтгэгдсэн, ойлгомжтой, тайлбарлахад хялбар байсан. 2019 оныхыг бичгийн цаасан дээр хэвлээд багийн Иргэдийн нийтийн хурал дээр тарааж байсан. Бидний ажлыг хөнгөвчилж байгаа та нартаа баярлалаа!",

Баянхонгор аймгийн Заг сумын Санхүүгийн албаны дарга Д.Дуламсүрэн: "Сумын төсвийн бүх мэдээллийг иргэдэд ойлгомжтой байдлаар мэдээлэх боломжоор хангасанд баярлалаа. Манай сум нь 2019 оноос энэ төсвийн динамик хэрэглүүрийг ашиглаж төсвийн мэдээллийг иргэдэд хүргэж ажиллаж байна. Маш аятайхан, иргэд ойлгоход дөхөмтэй мэдээлэл хүргэж байгаагийн зэрэгцээ албан тушаалтануудад ажил хөнгөвчилсөн үзүүлэлт гаргасанд талархаж байна",

Хэнтий аймгийн Дадал сумын Санхүүгийн албаны дарга Д.Агаармандал: "Сумын мэдээлэл ил тод байхад туслах сумын хэрэгтэй үзүүлэлтүүдийг багтааж, шаардлагатай мэдээллээ олон нийтэд болон хүргэх боломж олгосон хэрэглүүр болсон. Бид зурагт хуудсыг олон нийтийн газар, мэдээллийн самбаруудад байршуулахаас гадна иргэдийг Багийн иргэдийн нийтийн хуралд оролцоход нь мэдээллээр ханган ажиллаж байна" ,

Өвөрхангай аймгийн Тарагт сумын ЗДТГ-ын ажилтан н.Есөн-Эрдэнэ: "Урьд нь иргэд төсвийн мэдээллийг тэр бүр сонирхдоггүй байсан бол одоо харин ихээр сонирхох болсон. Багийн Иргэдийн нийтийн хурал болон сумын цахим хуудаст байршуулж иргэдэд ил тод мэдээлэн ажиллаж байна" гэсэн байна.

     Сумын төсвийн ил тод байдлын зурагт хуудас нь А3 хэмжээгээр хэвлэхэд үг үсэг, дүрслэлийн харагдац нь тохиромжтой бөгөөд ийм хэмжээгээр хэвлэдэг төхөөрөмжтэй хаана ч хэвлэх боломжтой. Энэ оны хувьд “Тогтвортой амьжиргаа-3” төслөөс сумдын төсвийн мэдээллийг иргэдэд ил тод, нээлттэй болгох тал дээр хэвлэлтийн дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.

     Монгол Улсын Засгийн газар, Сангийн яамнаас төсвийн ил тод байдлыг нэмэгдүүлэх, иргэдэд төсвийн мэдээллийг энгийн, ойлгомжтой байдлаар хүргэх, үргэлж мэдээлж байх, нээлттэй байх зарчмыг баримтлан “Иргэдийн төсөв” цувралыг 2018 оноос эхлэн жил бүр гаргаж байна. Ингэснээр OPEN BUDGET PARTNERSHIP олон улсын байгууллагын 2019 оны судалгааны дүнгээр Монгол Улсын төсвийн ил тод, нээлттэй байдлын үнэлгээ 2017 оноос 10 оноогоор сайжирч 56 болсноор 15 орноор урагшилж 41-р байранд жагсах болов. Үүнд “Иргэдийн төсөв” чухал нөлөө үзүүлсэн байна.

     Тэгвэл Сангийн яамны хэрэгжүүлэгч төсөл болох “Тогтвортой амьжиргаа-3” төсөл нь зорилтот бүлэг болох 330 сумын төсвийн мэдээллийг ил тод байлгах тал дээр ийнхүү анхааран ажиллаж байна.

2020 оны 06 сарын 08

Түгээх