"Тогтвортой амьжиргаа-3" төслийн хүрээнд өнөөдрийг хүртэл зохион байгуулсан худалдан авах ажиллагааны А3 эрх олгох сургалтуудад нийт 3206 оролцогч хамруулснаас 70% нь тэнцсэн амжилттай байна. Тэгвэл энэ удаагийн сургалтаар 660 хүнийг танхимын сургалтад хамруулахаас гадна бие даан суралцаад, шалгалтаа өгөх боломжийг аймаг бүрд 20 хүртэлх хүнд тус тус олгож байна.

    Сумдад худалдан авах ажиллагаа зохион байгуулах эрх бүхий иргэн, албан хаагч дутагдалтайгаас 10 сая төгрөгөөс дээш худалдан авалтыг хууль, журмын дагуу зохион байгуулахад хүндрэл, бэрхшээлүүд тулгарсаар байдаг.  

       Энэ асуудлыг шийдвэрлэх үүднээс “Сангийн яам”, “Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар”, "Тогтвортой амьжиргаа-3" төсөл хамтран 330 сумын албан хаагчдад худалдан авах ажиллагааг хууль журмын дагуу удирдан зохион байгуулах чадавх олгох зорилготой А3 гэрчилгээ олгох сургалтыг 2 жил дараалан зохион байгуулаад байна. 

      Эхний удаа буюу 2017 онд 1016, хоёр дахь удаа буюу 2019 оны хавар 2190 оролцогчийг хамруулсан сургалтын үр дүнд оролцогчдын 70 орчим хувь нь тус тус тэнцсэн амжилттай байсан. Тэгвэл энэ удаад А3 гэрчилгээ олгох сургалтыг дахин зохион байгуулж, сум тус бүрээс 2 буюу нийт 660 оролцогчийг хамруулж байна. 

    Энэ удаагийн сургалтын бас нэгэн онцлог нь А3 гэрчилгээний хугацаа нь дууссан хүмүүст цахим хичээлийг бие даан суралцаад шалгалтаа өгөх боломжийг олгож байгаа анхны туршилтыг хийж байна. Өөрөөр хэлбэл “Тогтвортой амьжиргаа-3” төслийн хүрээнд бүтээсэн www.surgalt.tender.gov.mn хаягтай “Худалдан авах ажиллагааны бие даан суралцах цахим систем”-ээр бие даан хичээлээ үзээд, танхимын суралцагсадтай хамт шалгалтаа өгөх юм.

     Энэ нь заавал танхимын сургалтад суулгүйгээр хичээлээ бие даан суралцаад, шалгалт өгөх боломжтой дэвшилтэт аргыг олон нийтэд таниулах ач холбогдолтой үйл ажиллагаа болж байна. 
    

2019 оны 10 сарын 23

Түгээх