“Тогтвортой амьжиргаа-3” төслийн “Сайн засаглал-үр дүнд суурилсан урамшууллын хөтөлбөр”-ийн хүрээнд Орон нутгийн хөгжлийн сан (ОНХС)-ийн үйл ажиллагааг хэрэгжүүлж буй Монгол Улсын 330 сумдын засаглалын түвшнийг 2016 оноос эхлэн 3 дахь жилдээ жилийн гүйцэтгэлээр үнэлж байна. 

          Энэхүү “Жилийн гүйцэтгэлийн үнэлгээ”(ЖГҮ)-нд үндэслэн болзол хангасан сумдад ОНХС-ийн санхүүжилтийнх нь 25%-тай тэнцэх хэмжээний урамшууллыг олгодог. Сумдын засаглалын түвшнийг бие даасан хөндлөнгийн багууд 6 бүлэг үзүүлэлт бүхий зааварчилгааны дагуу үнэлдэг ба сумдын гүйцэтгэлийн улсын дундаж оноо 2016 онд 32 хувь, 2017 онд 37 хувь, 2018 онд 50 хувь болж сайжирсан үзүүлэлттэй байна. 

Нийт 330 сумын дундаж үзүүлэлт, хувиар

          Нийт сумдаас 50 хувиас дээш гүйцэтгэлтэй сумдын тоо жил бүр өссөөр 2018 онд 93 сум болж огцом нэмэгдсэн. Хэдий байнга өсөж байгаа ч нийт сумдын 28 хувийг эзэлж байна.  Үлдсэн 72 хувь нь үүнээс доош үзүүлэлттэй байна. Жилийн гүйцэтгэлийн үнэлгээ хийж эхэлснээс хойш 2018 онд 40 хувь хүртэлх гүйцэтгэлтэй сумдын тоо  45 хувиар буурсан эерэг үзүүлэлт гарчээ.   

          Өндөр үнэлгээтэй эхний 10 сумыг харьцуулахад харилцан адилгүй өөрчлөлт гарав. 2016-2017 онд Дорноговь аймгийн Эрдэнэ сум 2 жил дараалан хамгийн өндөр үнэлгээ авч байсан бол 2018 онд эхний 10-т багтаагүй байна. Хамгийн дээгүүр эрэмбэлэгдсэн 10 сумын үнэлгээ 2017 онд 65.58-76.70 хувьд хэлбэлзэж байсан бол 2018 онд 78.18-83.65 хувь болж дээшилсэн байна. Дархан-Уул аймгийн 4 сум 2017 онд эхний 10 суманд багтаж байсан бол 2018 онд 2 болж өөрчлөгдсөн бол Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сум өмнөх жилүүдийн үнэлгээгээр 52-57 хувийн гүйцэтгэлтэйгээр 32, 17 дугаарт эрэмбэлэгдэж байсан бол 2018 онд 86.65 хувиар 1 дүгээрт эрэмбэлэгдсэн байна. 

           Харин Сэлэнгэ аймгийн Орхон, Мандал сумдын 2015-2016 оны гүйцэтгэл хангалтгүй байсан нь 2016-2017 онд 27-57 хувийн үнэлгээгээр харагдаж байгаа ч 2017 оноос гүйцэтгэл нь огцом нэмэгдэж 2018 оны үнэлгээгээр 81.06-82.00 хувиар эхний 5 суманд багтсан байна. Төв аймгийн Алтанбулаг, Эрдэнэсант сумд ч өмнөх жилүүдэд 30-41 хувийн үнэлгээтэй байсан бол 2018 онд үнэлгээ нь огцом өсөж 80 хувь хүрсэн байна.   

          2017 онд ЖГҮ-ээр өндөр үзүүлэлттэй эхний 10 сум                              2018 онд ЖГҮ-ээр өндөр үзүүлэлттэй эхний 10 сум

           2016 онд хийсэн ЖГҮ-ий үр дүнд 2017 онд 154 сум 7.1 тэрбум төгрөгийн урамшуулал, 2017 онд хийсэн ЖГҮ-ий үр дүнд 2018 онд 165 сум 903,7 сая төгрөгийн урамшуулал тус тус авсан бол 2018 онд хийсэн ЖГҮ-ий үр дүнд 2019 онд 222 сум 4.6 тэрбум төгрөгийн урамшуулал авах болзол хангажээ. 

2016-2018 оны ЖГҮ-ий тайлан татаж үзэх

2019 оны 02 сарын 18

Түгээх