Амжилтын түүх:  

ОНХС-ийн төлөвлөлтийн үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх Хэнтий аймгийн Баян-Овоо сумын "Аравт" дэд төсөл

        2013 оноос хэрэгжиж эхэлсэн Монгол улсын Төсвийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад аймаг, нийслэл, сум, дүүрэг нь тухайн орон нутгийн хөгжлийг дэмжих зорилго бүхий Орон нутгийн хөгжлийн сан/ОНХС/-тай байхаар заасан.  

       ОНХС нь орон нутгийн хөгжлийг дэмжих, бүс нутгийн тэнцвэртэй байдлыг хангах зорилготой ба иргэдийн саналд тулгуурлан, орон нутгийн хөгжлийн бодлоготой уялдсан хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээг бий болгох зориулалттай. Өөрөөр хэлбэл тухайн орон нутагт амьдарч буй иргэд өөрсдийн бодит хэрэгцээнд тулгуурласан санал, санаачилгуудыг гаргаж, багийн Засаг даргадаа саналаа өгсний үндсэн дээр энэ хөрөнгийн эх үүсвэрийг зарцуулах учиртай. 

       Гэвч ОНХС-ийн үйл ажиллагаанд иргэд хэрхэн оролцох талаар мэдлэг тааруу, багийн түвшинд оролцох оролцоо бага байгаа нь судалгаанаас харагддаг. Иймд Монгол улсын Сангийн яам “Тогтвортой амьжиргаа-3” төслийг Дэлхийн банк, Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр нийт 330 сумын ОНХС-ийн үйл ажиллагааг сайжруулах, төрийн албан хаагчдын чадавхжуулах, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор хэрэгжүүлж байна. 

       Энэ хүрээнд “Тогтвортой амьжиргаа-3” төслийн хүрээнд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх  шинэлэг санал, санаачилга бүхий дэд төслийн уралдааныг нийт 330 сумын дунд зарлаж хэрэгжих боломжтой, үр дүн гарахуйц байдлаар нь 12 аймгийн 12 сумын дэд төслийг шалгаруулан, төслийн зүгээс болон аймаг орон нутгийн удирдлагуудын зүгээс тодорхой дэмжлэг үзүүлэн хамтран ажиллалаа. 

    Аравт – Чингис хааны цэргийн зохион байгуулалт
       
Их Монгол улсын цэргийн зохион байгуулалтын анхан шатны нэгж нь “Аравт” юм. Арван хүн нийлж нэг Аравтыг үүсгэнэ. Түүнийг нь нэг ахлагч захирна. Арван “Аравт”-ын ахлагчийг мөн нэг хүн захирч “Зуут”-ын захирагч болно. Харин арван “Зуут” нь нэг “Мянгат”, арван “Мянгат” нь нэг “Түмт” гэх мэтээр өргөжиж нэгж тус бүрийг нэг хүн захирна. Ийнхүү нэг хүн түмэн хүнийг захирах боловч шат шатаар доошлох тусам арав, арван хүнийг захирсаар өндөр зохион байгуулалтад орсон цэргийн бүтцийг бүрдүүлдэг байжээ. Энэ нь тухайн үедээ өргөн уудам газар нутагтай нүүдэлчдийн хувьд богино хугацаанд мэдээлэл түгээх, бие биетэйгээ холбогдох, зохион байгуулалтад ороход хамгийн үр дүнтэй арга байв. 

       Их эзэн Чингис хааны өлгий нутаг, одоогийн Хэнтий аймаг иргэдийн оролцоогоо нэмэгдүүлэхэд Их Монгол улсын бий болгосон цэргийн зохион байгуулалтын бүтцийг ашиглан төрийн үйлчилгээг иргэддээ хүргэх санаачилгыг гаргав. Баян-Овоо сумын удирдлагууд алслагдмал амьдардаг хөдөөгийн багийн иргэдээ Аравтын нэгжээр зохион байгуулж төрийн үйлчилгээ, мэдээ мэдээллийг хүргэх, иргэдээ төрийн ажил хэрэгт оролцуулах, идэвхжүүлэх зорилгоор 2017 оноос эхлэн “Аравтын бүлэг”-ийг байгуулж эхэлжээ. 

        Энэхүү санаачилгад үндэслэн “Тогтвортой амьжиргаа-3” төслийн хүрээнд зарлагдсан “ОНХС-ийн үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх шинэлэг санаачилгын туршилтын дэд төсөл”-ийн уралдаанд аравтын зохион байгуулалтаараа иргэдийнхээ оролцоог нэмэгдүүлэх боломжтой гэж үзэн төслөө бичин ирүүлсэн юм. 

        Хөдөө орон нутагт дор хаяж 50-200 км-ийн зайд орших айл өрх нэг бүрд төрийн үйлчилгээг хүргэх нь цаг хугацаа болоод өртгийн хувьд амаргүй ажил юм. Тухайлбал Хэнтий аймгийн сумдын нэг багийн Засаг дарга гэхэд төр засгийн шийдвэр, үйлчилгээг багийнхаа 200-400 хүнд тус бүрчлэн хүргэх шаардлага тулгардаг. Тэгвэл аравтын бүтэц нь багийн түвшинд цаг зав, нөөц бололцоог хэмнэх боломжтой хэмээн тэд үзжээ. 

       Иймд Баян-Овоо сумын удирдлагууд сумынхаа айл өрхүүдийг газар зүйн байршлаар нь “Аравтын бүлэг”-т хуваасан ба зөвхөн ОНХС-ийн үйл ажиллагаагаар зогсохгүй гал түймэр, зуд зэрэг байгалийн гамшгаас сэргийлэх, малын өвчин, хулгайтай тэмцэх болон бусад олон төрлийн нийгмийн үйл ажиллагаанд татан оролцуулах зорилгоор байгуулсан байна. 

       Тухайлбал аравтын зохион байгуулалт нь хурлын зар, мэдээг түгээхэд ажил ихээхэн хөнгөвчилсөн, хялбар бүтэц болдог байна. Багийн Засаг дарга “Аравтын бүлэг”-ийн ахлагч нартаа утсаар хэл мэдээ дуулгахад, ахлагч нар цааш тус бүрийн хариуцсан 10 өрхдөө мэдээг хүргэнэ. Хагас цагийн дотор гэхэд л багийнхаа нийт 100 гаруй өрхөд мэдээллийг түгээж амждаг бөгөөд цаг зав, зардал, ачааллын хувьд ч хөнгөвчлөгддөг байна. 

“Аравт”- Мэдээлэл түгээх бүтцээс олон нийтийн оролцоог хангах хэлбэр болох нь
       “Аравтын бүлэг” бүр дундаасаа ахлагчаа сонгон, ахлагч нь мэдээ мэдээллийг өрх бүрдээ хүргэх, гишүүдийнхээ оролцоог дэмжих гүүр болон ажилладаг бөгөөд гишүүд нь ч мөн бие биеэ дэмжин, урамшуулах, шаардлага тавих зэргээр зохион байгуулалтад орж чаддаг байна. ОНХС-ийн санал авах төлөвлөлтийн үйл ажиллагааг эдгээр бүлгүүдээр дамжуулан зохион байгуулснаар олны дунд үгээ хэлж чаддаггүй дийлэнх хэсэг нь үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, мэдээллийг хүртээмжтэй сайн авах, хүн бүр оролцох боломжоор хангагдаж байсан нь давуу тал болж Баян-Овоо сум ОНХС-ийн төлөвлөлтийн үйл ажиллагаа дахь иргэдийн оролцооны хувь 2016, 2017 онд 17-22%-ийн үзүүлэлтэй байсан бол 2018 онд 80%-д хүрч чадав. 
       Ийнхүү иргэдийнхээ оролцоог 4 дахин нэмэгдүүлж чадсан Баян-Овоо сумын төслийг үр дүнтэй бөгөөд цаашид хэрэгжих боломжтой гэж үзсэн тул Хэнтий аймгийн удирдлагууд бүх сумддаа нэвтрүүлэхээр ажиллаж, өнгөрсөн оны төгсгөлд нийт сумдынхаа удирдлагыг цуглуулан хэлэлцүүлэг, түгээн дэлгэрүүлэх сургалтыг зохион байгуулснаас гадна бусад аймгийн бусад сумдад хэрэгжүүлж болох жишиг төслүүдийн нэг болж чадлаа хэмээн уралдааныг зохион байгуулагчдын зүгээс үзсэн юм. 
       “Тогтвортой амьжиргаа-3” төсөл нь 2019 онд ОНХС-ийн үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлж, амжилттай туршигдсан дэд төслүүдээс бусад сумдад туршлага солилцох байдлаар улсын хэмжээнд нэвтрүүлэх ажлыг эхлүүлээд байна.

        2018 онд ОНХС-ийн төлөвлөлтийн үе шатанд 12 аймгийн 12 сумын дэд төсөл, хяналтын үе шатанд 18 аймгийн 18 сумын дэд төслийг туршилт байдлаар хэрэгжүүлсэн бөгөөд эдгээрээс үр дүн гарсан дэд төслүүдийг бусад сумдад нээлттэйгээр танилцуулах хэлэлцүүлэг, санал солилцох харилцаа холбоог бий болгосны үндсэн дээр бүх аймгууд 2019 онд ОНХС-ийн үйл ажиллагаанд иргэдийнхээ оролцоог нэмэгдүүлэх дэд төслүүдийн төлөвлөгөөгөө сум, орон нутгийнхаа онцлогт тохируулан боловсруулж, төсөл хэрэгжүүлэх нэгжид ирүүлээд байна. 

 

 

2019 оны 01 сарын 30

Түгээх