Эх сурвалж: gogo.mn 

ИРГЭН ТА БАГ, ХОРООНДОО ЯМАР ТОХИЖИЛТ ХИЙЛГЭМЭЭР БАЙНА?

     Ундны усаа авдаг худгийн технологи нь хоцрогдсон, хүүхдүүд нь зорчдог гудам гэрэлтүүлэг, замгүй, байрны гадаа тоглох талбай, тоглоомгүй, бэлчээрээ хэрхэн хамгаалах, цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж, ажлын байр бий болгох зэрэг асуудал амьдарч буй орчинд тань бий юу? Хороо, байрныхандаа хогоо ангилан хаяхыг сургамаар байвч хэрхэхээ мэдэхгүй байна уу?

     Тэгвэл дээрх зүйлсийг таны саналаар хэрэгжүүлж, зарцуулж болох төсөв байдаг нь "Орон нутгийн хөгжлийн сан" юм. Өөрөөр хэлбэл тус сан нь зөвхөн иргэдийн санал дээр үндэслэн төлөвлөгддөгөөрөө бусад төсвөөс онцлогтой.

"ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН САН" ГЭЖ ЮУ ВЭ?

     “Орон нутгийн хөгжлийн сан” (ОНХС) гэдэг нь орон нутгийн хөгжлийг дэмжих, бүс нутгийн тэнцвэртэй байдлыг хангах, иргэдийн тогтвор суурьшилтай амьдрах орчин, нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн сан юм.

     Энэ төсвийг иргэдийн бодит хэрэгцээнд нийцүүлэн зөв зарцуулахын тулд олон нийтээс нээлттэй санал асуулгыг жил бүр 1-6 дугаар сард авдаг. Иргэн та “Орон нутгийн хөгжлийн сан”, E-Mongolia гар утасны аппликейшн болон https://onhs.mof.gov.mn/ цахим хуудсаар дамжуулан амьдарч буй баг хороо, сум дүүрэгтээ хэрэгжүүлэх ажил санаачилж саналаа өгөх боломжтой.

     Ийнхүү саналаа өгснөөр амьдарч буй орчиндоо тулгамдаж буй асуудлаа төсвийн хөрөнгөөр шийдвэрлүүлэх ач холбогдолтой

     Мөн аппликейшний тусламжтайгаар таны өгсөн санал баг, хорооны Иргэдийн нийтийн хурлаар хэрхэн батлагдсан, сум, дүүргийн “ОНХС-ийн ажлын хэсэг”-ээр хэрхэн нэгтгэгдэж, эрэмбэлэгдсэн, үүний дараа сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэрхэн батлагдсан, танай аймаг, нийслэл, сум, дүүргийн ОНХС-д хэдэн төгрөгийн төсөв баталсан, үүгээр ямар ажил хэрэгжиж бий болсон, цаашлаад таны санал хасагдсан эсэх гээд ОНХС-ийн бүх төрлийн мэдээллийг үзэх боломжтой.

     ОНХС-ийн төсөв жил ирэх тусам нэмэгдсээр байна. 2017 онд 53 тэрбум төгрөгийн төсөвтэй байсан сан 2021 онд 228.2 тэрбум, 2022 онд 253.4 тэрбум төгрөгийн төсөвтэй болжээ. Энэ мөнгийг зөвхөн таны саналд тулгуурлан зарцуулах учиртай.

     Иргэн та амьдарч буй орчноо хүүхдэд ээлтэй, ая тухтай, цэгцтэй цэвэр байлгахыг хүсдэг бол нийтээрээ үр ашгийг нь хүртэж болох хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний саналаа өгөөрэй.

Таны санал сум, дүүргийн тань нөхцөлийг сайжруулах үнэ цэнтэй. Саналыг 6 дугаар сарын 1-н хүртэл авна. 

АППЛИКЕЙШН АШИГЛАХ ЗААВАР

Нүүр хэсэг

Аппликейшний “Нүүр” хэсэгт 2022 онд ОНХС-д батлагдсан нийт төсвийг зарцуулалтын салбараар нь ангилж харуулдаг. Мөн та төсвийн жил буюу оноо сольсноор өмнөх жилүүдийн мэдээллийг үзэх боломжтой.

Төлөвлөлт

Төлөвлөлт хэсгээс иргэдийн анх өгсөн саналууд, түүнийг ИНХ-аар хэрхэн баталсан, цаашлаад “ОНХС-ийн ажлын хэсэг”-ээр хэрхэн эрэмбэлсэн, хамгийн сүүлд ИТХ-аар хэрхэн баталсан зэрэг төлөвлөлтийн үе шатуудыг өөрийн сум, дүүрэг, баг, хороогоор сонгон харах боломжтой.

Хэрэгжилт

Хэрэгжилт хэсгээс энэ ажилд хэдэн иргэн саналаа өгсөн, ямар хугацаанд хэрэгжих, гэрээний дүн, тендер шалгаруулсан журам, шалгарсан гүйцэтгэгч компани, тухайн ажлын явц хэдэн хувьтай, ямар шатандаа хэрэгжиж байгаа зэргийг гэрэл зургийн хамт харах боломжтой.

ОНХС-ийн хөрөнгийн эх үүсвэрээр хэрэгжүүлэх ажилд иргэдээс санал авах

Иргэдийн санал авах хэсгээр дараа онд ОНХС-ийн төсвөөр ямар ажил хэрэгжүүлэх талаар иргэний саналыг авдаг. Та гурван төрлийн санал өгөх боломжтой.

Үүнд, танай сум, дүүргийн ЗДТГ-аас дараа онд хэрэгжүүлэхээр санал болгож буй ажлыг дэмжиж буй эсэх,
Хоёрдугаарт, танд өөрт дараа оны ОНХС-аар хэрэгжүүлэхэд санал болгох ажил байгаа эсэх,
Гуравдугаарт, “Малын тоо толгойн албан татвар”-ын эх үүсвэрийг зарцуулахад өгөх санал буюу ОНХС-д цугласан “Малын тоо толгойн албан татвар”-ын эх үүсвэрийг мал аж ахуй, бэлчээрийн менежменттэй холбоотой ажлуудад зарцуулахад иргэдээс санал авдаг.
Иргэн аппликэйшнээр зөвхөн нэг удаа саналаа өгөх боломжтойг анхаарна уу.

Туслах цэс

Туслах цэсээс ОНХС-тай холбоотой мэдээ мэдээлэл үзэх, хууль эрх зүйн ойлголт авах, мөн баг, хороондоо хандсан өргөдөл, гомдол илгээж, ОНХС-ийн талаар гарын авлагыг ашиглаж болно.

Саналаа хэрхэн өгөх вэ?

1. Play Store болон App Store-оос “Орон нутгийн хөгжлийн сан” гэж хайх, эсвэл QR код уншуулан аппликейшнээ татаж авах.
2. Аппликейшн рүү нэвтрэхэд “ОНХС-ийн мэдээлэл”, “Санал өгөх” гэсэн хэсгүүд гарч ирэх бөгөөд “Санал өгөх” хэсэг рүү дарж нэвтэрнэ.
3. Санал өгөх хэсэгт дарахад E-Mongolia систем рүү шилжиж ДАН системээр нэвтэрнэ.
4. Нэвтэрсний дараа ОНХС аппликейшнээс таны иргэний үнэмлэх, хаягийн мэдээлэлд хандах  хүсэлт гарч ирэх ба “зөвшөөрөх” товчийг дарснаар санал өгөх боломжтой болно. Энэ нь та зөвхөн орон нутгийнхаа харьяаллаар саналаа өгөх боломжийг бий болгож байгаа болно.
5. Аппликейшний санал өгөх хэсгийн “санал асуулга” талбарт гурван сонголт байрлана. Сонголт бүр дээр саналаа өгнө.
6. Санал нэмж дууссаны дараа илгээх товчийг дарснаар таны саналыг ОНХС-ийн удирдлагын мэдээллийн системд бүртгэнэ. Цахим саналыг зөвхөн нэг удаа өгөх боломжтойг анхаарна уу.

2022 оны 04 сарын 17

Түгээх