Эх сурвалж: Монголиан экономи сэтгүүл

"Тогтвортой амьжиргаа-3" төслийн захирал Г.Золбоо: "ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН САН БОЛ ИРГЭДИЙН МЭДЛИЙН ТӨСӨВ"

- “Тогтвортой амьжиргаа-3” төсөл өмнөх хоёр төслөөс юугаараа онцлог вэ? Төслийн хамрах хүрээ хэр өргөжив? 

-“Тогтвортой амьжиргаа-3” (ТА-3) бол Монгол улсын засгийн газар Дэлхийн банктай хамтран 2002 оноос хэрэгжүүлж буй Тогтвортой амьжиргаа хөтөлбөрийн гурав дахь шатны төсөл юм. Эхний шатны төсөлд найман аймгийг хамруулсан бол хоёр дахь шатнаас нийслэл төдийгүй бүх аймаг, сумыг хамруулж, хүрээгээ тэлсэн. Хөтөлбөрийн хоёр дахь үе шат 2013 онд хэрэгжиж дууссан бөгөөд эхний хоёр шатанд төслийн бүрэлдэхүүн хэсэг болж, туршигдсан “Орон нутгийн санаачилгын сан”-гийн үндсэн үзэл санаа, үйл ажиллагаа 2011 оны сүүлээр батлагдсан Төсвийн тухай хуулиар “Орон нутгийн хөгжлийн сан” (ОНХС) болон хуульчлагдсан. Ингэснээр сум, дүүрэг, аймаг, нийслэл ОНХС-тай болсон бөгөөд 2015 оноос хэрэгжиж байгаа ТА-3 төслийн сумдын ОНХС-ын үйл ажиллагааг сайжруулах чиглэлд олон талт дэмжлэг үзүүлж байна. Тэр дундаа иргэдийн оролцоог дэмжих замаар ОНХС-ийн үйл ажиллагааг сайжруулахад онцгой анхаарч байна.  

- ОНХС-ийн үйл ажиллагаанд төслийн зүгээс Жилийн гүйцэтгэлийн үнэлгээ хийдэг. Сумдын үнэлгээ хэр сайжирсан бэ?

-Бид сумдын ОНХС-д үр дүнд суурилсан санхүүгийн дэмжлэг үзүүлснээр гүйцэтгэлийг сайжруулах, сайн засаглалыг бэхжүүлнэ гэж үзсэн. Тиймээс ОНХС-ийн гүйцэтгэлийг үнэлэх аргачлал боловсруулж, 2016 оноос эхлэн жил бүр үнэлгээ хийдэг болсон. Мөн үнэлгээний үр дүнг харгалзан төслөөс урамшуулал олгодог. Үнэлгээ хийсэн эхний жил буюу 2016 онд 330 сумын Жилийн гүйцэтгэлийн үнэлгээний дундаж 32 хувь байсан бол одоо 63.4 хувь болж өсөөд байна. ОНХС-ийн үйл ажиллагаагаа сайжруулсан маш олон сум бий. Нэмж хэлэхэд манай төсөл зөвхөн сумдын ОНХС-д үнэлгээ хийдэг байсан бол энэ жил анх удаа зургаан аймгийн ОНХС-ийн үйл ажиллагаанд туршилтын журмаар гүйцэтгэлийн үнэлгээ хийлээ. 

- Төслийн хүрээнд урамшуулал, дэмжлэгт зориулж хэдий хэмжээний санхүүжилт олгоод байна вэ? 

-Төслөөс хоёр төрлийн санхүүгийн дэмжлэгийг сумдын ОНХС-д олгодог. Дээр дурдсанчлан Жилийн гүйцэтгэлийн үнэлгээ нь сайжирсан сумдад урамшуулал олгодог бөгөөд 2017 оноос эхлэн нийтдээ 25.7 тэрбум төгрөгийг урамшуулал хэлбэрээр олгоод байна. Үүнээс гадна 2018 оноос улсын эдийн засгийн нөхцөл байдлаас хамааралтайгаар ОНХС-ийн хөрөнгийг нэмэгдүүлж, тогтвортой түвшинд хадгалах  зорилгоор бүх суманд нийт 33.2 тэрбум төгрөгийн санхүүгийн ерөнхий дэмжлэг үзүүлсэн. 

- Ер нь орон нутгийн хөгжлийн санд жил бүр хэчнээн хэмжээний хөрөнгө мөнгө төвлөрдөг вэ? Сангийн зарцуулалтад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх тал дээр хэрхэн анхаарч байна вэ?

-2013 оноос өнөөг хүртэл ОНХС-д 1.12 их наяд төгрөгийн санхүүжилт хуваарилагдсан. Товчоор хэлэхэд энэ мөнгө бол иргэдийн мэдлийн төсөв. Тиймээс иргэн бүр өөрсдийн мэдлийн төсвийн зарцуулалтад саналаа нэмэрлэж, хяналт тавьдаг байх нь чухал. Иймд манай төслөөс сургалт, мэдээлэл, дэд төслүүд, Жилийн гүйцэтгэлийн үнэлгээ гээд шат, шатанд олон талт арга хэмжээ авч ажиллаж байна. Үр дүнд нь иргэдийн оролцоо сайжирч байна. 

Мөн ОНХС-ийн ил тод байдлыг хангах зорилгоор Удирдлагын мэдээллийн системийг хөгжүүлсэн. Ингэснээр ОНХС-д хэдэн төгрөг хуваарилагдсан, тухайн иргэний санал батлагдсан, батлагдаагүй эсэх, хэрэв батлагдсан бол аль үе шатандаа явж байгааг цогцоор нь харах боломж бүрдсэн. Цаашид орон нутгаа хөгжүүлэх санал санаачилгаа гар утсаараа илгээж, сангийн зарцуулалтыг хянах боломж бүхий аппликэйшн бүтээнэ. 

- Төслийг цаашид хэрхэн хэрэгжүүлэх вэ?

-Өнгөрсөн хугацаанд бид иргэдийн санаачилгад суурилсан хөгжлийг бий болгох бат бөх суурийг тавилаа. Иймд төслийн үйл ажиллагааг цаашид хэрхэн оновчтой хэлбэрээр үргэлжлүүлэх боломжийн талаар Дэлхийн банктай ярилцаж байна. Сүүлийн үед орон нутагт амьдрах хүсэлтэй залуусын тоо нэмэгдэж байгаа. Тиймээс орон нутагт ажлын байр бий болгох, амьдрах нөхцөлийг сайжруулахад ОНХС-ийн үйл ажиллагааг чиглүүлнэ.

2022 оны 02 сарын 25

Түгээх