“Орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагааны журам”-ыг шинэчлэн баталлаа


       “Малын тоо толгойн албан татварын тухай” хуулийн төслийг 2020 оны 11 дүгээр сарын 13-ы өдөр УИХ-аар хэлэлцэн баталснаар “Төсвийн тухай” хуульд нэмэлт, өөрчлөлт орж тус татвар нь “Орон нутгийн хөгжлийн сан”/ОНХС/-ийн хөрөнгийн нэг эх үүсвэр болсон. “Малын тоо толгойн албан татвар”-ыг сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын баталснаар ОНХС-д төвлөрүүлэн тухайн сум, дүүргийн мал аж ахуй хөгжүүлэх, бэлчээрийн менежмент сайжруулах, өвөлжилтийн бэлтгэл хангах төсөл, арга хэмжээнд зарцуулахаар тусгасан. 

       Мөн Сангийн яамны хэрэгжүүлдэг “Тогтвортой амьжиргаа-3” төслөөс 2018 онд батлагдан хэрэгжсэн “Орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагааны журам”-ын хэрэгжилтэд тулгамдаж буй асуудлын талаар нийслэл болон орон нутгийн холбогдох албан хаагчдын дунд үе шаттай хэлэлцүүлэг, санал асуулга зохион байгуулж, иргэдээс нээлттэй санал авч ажиллав.

     Энэ хүрээнд ОНХС-ийн зарцуулалтад иргэдээс санал авах, баг, хорооны Иргэдийн нийтийн хурлаар хэлэлцүүлэх хугацааны хувьд орон нутагт мал төллөлт болон малчдын ид ачаалалтай үе давхацдагаас иргэдийн оролцоог нэмэгдүүлэх боломж хязгаарлагддаг, хууль тогтоомжид заасан байдаг ОНХС-ийн санхүүжүүлэх чиг үүргийг тус журамд оруулах, сангийн үйл ажиллагааг зохион байгуулдаг албан тушаалтныг тодорхой зааж, хариуцлагажуулах зэрэг саналууд гарсан. Түүнчлэн тус төслөөс ОНХС-ийн мэдээллийн нэгдсэн санг бий болгох, шат шатны удирдлага болон иргэдийг нэгдсэн мэдээллээр хангах, ОНХС-ийн үйл ажиллагааг хянах, ил тод нээлттэй болгох зорилгоор “ОНХС-ийн Удирдлагын мэдээллийн систем”-ийг ашиглалтад оруулсантай холбогдуулан зарим заалтыг хасах, нэмэх шаардлагатай болсон.

     Дээрх хэрэгцээ шаардлагуудын улмаас тус сангийн үйл ажиллагааны журмыг шинэчлэх шаардлагатай гэж үзэн Сангийн яам, “Тогтвортой амьжиргаа-3” төслөөс журамд нэмэлт өөрчлөлт оруулан боловсруулж, Сангийн сайдын  2021 оны 5 дугаар сарын 24-ий өдрийн 86 тоот тушаалаар өмнө баталсан 2018 оны 9 дүгээр сарын 12-ы өдрийн 228 дугаар тушаалыг хүчингүй болгож шинэчилсэн журмыг эл өдрөөс эхлэн даган мөрдөж эхэлсэн билээ.


“Орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагааны журам”-д орсон гол өөрчлөлтүүдээс дурдвал:


•    Малын тоо толгойн албан татварын орлогын ОНХС-д төвлөрөх хөрөнгийн эх үүсвэрийг сум, дүүргийн түвшинд хэрхэн зохион байгуулж, зарцуулах зохицуулалтыг журамд тусгав. Ингэснээр сум, дүүрэг эрх, үүргийнхээ хүрээнд иргэдийн саналд үндэслэн малын тоо толгойн албан татварыг захиран зарцуулах, малчдадаа тулгамдаж буй асуудлыг өөрсдөө шийдвэрлэх, төвлөрлийг сааруулах боломж бүрдэж байна.

•    Баг, хорооны түвшинд иргэдээс санал авах, түүний дараа зохион байгуулдаг ОНХС-ийн санал хэлэлцэх Иргэдийн нийтийн хурлын хуралдааны хугацааг 5 дугаар сард багтаана гэснийг 6 дугаар сард болгож хойшлуулав. Үүний үр дүнд иргэдийн оролцоо нэмэгдэж, ИНХ-ын ирц өснө гэж үзлээ.

•    Баг, хорооны түвшинд санал авах ажлын хүрээнд “бүлгийн ярилцлага”-д оролцох хүний тоо болон давтамжид өөрчлөлт оруулсан нь “бүлгийн ярилцлага”-ын хүчинтэй байдлыг сайжруулах, иргэд сайн дураараа нэгдэж бүлгээрээ саналаа гаргах боломжийг нэмэгдүүлж өгсөн. 

•    Оролцогч талуудын чиг үүргийг хууль тогтоомжид заасны дагуу журамд оруулж өгснөөр хариуцлагыг нэмэгдүүлнэ гэж үзэв. 

•    Хууль тогтоомжид заасан ОНХС-ийн хөрөнгийн эх үүсвэрээр санхүүжүүлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний зөвшөөрөгдөх болон хориглогдох чиг үүргүүдийг оруулж өгснөөр хөрөнгө оруулалтын саналууд хасагдахгүй байх, чиг үүргийн ойлголтын хязгаарлагдмал байдлыг тэлэх, хэрэгжүүлдэг төсөл арга хэмжээний нэр төрлийг нэмэгдүүлэх, тулгамдаж буй асуудлаа иргэн төр хамтран тодорхойлох боломжийг сайжруулах зорилготой. 

•    “ОНХС-ийн Удирдлагын мэдээллийн систем”-тэй холбоотой өөрчлөлт орсноор оролцогч талууд буюу хэн, ямар мэдээлэл оруулахыг илүү тодорхой болгож, гараар үйлддэг байсан зарим мэдээ мэдээлэл, тогтоолыг системээс татаж гаргах, ОНХС-ийн шилжүүлгийн тооцооллыг автоматаар бодож гаргах боломжтой болсон тул системийн хэрэгжилт, гүйцэтгэлд хяналт тавих боломж бүрдүүлэх зарим заалтыг нэмэлтээр тусгаж, шаардлагагүй заалтыг хасах зэрэг нэмэлт, өөрчлөлтүүдийг тус тус оруулсан байна. 

ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН САНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖУРАМ ТАТАЖ ҮЗЭХ

2021 оны 11 сарын 10

Түгээх