Сангийн яамны хэрэгжүүлдэг "Тогтвортой амьжиргаа-3" төслөөс 2016 оноос эхлэн жил бүр 330 сумын ОНХС-ийн үйл ажиллагааг үнэлдэг "Жилийн гүйцэтгэлийн үнэлгээ" /ЖГҮ/-ий 2021 оны үнэлгээ өнөөдрөөс эхэллээ. Энэ оны хувьд өмнөх жилүүдийн адил сумдын ОНХС-ийн “олон нийтийн оролцоо”, “төлөвлөлт”, “ил тод байдал”, “хэрэгжилт”, “хяналт, шинжилгээ-үнэлгээ”, “өмчлөл” гэсэн 6 бүлгийн нийт 34 үзүүлэлтээр дүгнэх бөгөөд 330 сумаас гадна Төв, Увс, Өмнөговь, Сүхбаатар, Өвөрхангай, Орхон 6 аймгийн ОНХС-г туршилтын байдлаар үнэлэх гэж байгаагаараа онцлогтой байна.

     Өмнөх жилүүдийн адил хөндлөнгийн 3 компани үнэлгээг газар дээр нь очиж хийх бөгөөд "Тогтвортой амьжиргаа-3" төсөл хэрэгжүүлэх нэгжээс тэдгээр компаниудын хийсэн сум бүрийн үнэлгээний оноог нотлох баримтын хамт тулган шалгах, нягтлах ажлыг хийсний үндсэн дээр үнэлгээний дүнг эцэслэж, болзол хангасан сумдад "гүйцэтгэлд суурилсан урамшуулал"-ыг бодож 2022 оны төсөвт суулгах юм. Өөрөөр хэлбэл ОНХС-ийн үйл ажиллагаагаа хууль, тогтоомжийн дагуу зөв, зүйтэй зохион байгуулж, иргэдийнхээ оролцоог идэвхтэй байлгаж чадсан сумд ОНХС-ийн санхүүжилтээ нэмэгдүүлэх боломжтой. 

     ЖГҮ хийсэн анхны жил буюу 2016 онд нийт 330 сумын дундаж оноо 31,62% байсан бөгөөд сумдын ОНХС-ийн үйл ажиллагаа эдгээр жилүүдэд сайжруулах тал дээр Эдгээр үзүүлэлтүүдээр сумдын ОНХС-ийн ерөнхий үйл ажиллагааг дүгнэх бөгөөд сумдын дундаж оноог өсгөх, сайжруулах шаардлагатай буюу бага оноо авсан үзүүлэлтүүдийг онгцойлон анхаарах, цаашлаад бүх үзүүлэлт, үйл ажиллагааг жигд өсгөхөд чиглэгдсэн үйл ажиллагаа явуулж 2020 он гэхэд сумдын дундаж оноог 60%-д хүргэх зорилго тавин ажилласан. Үүний хүрээнд орон нутгийн ажилтнуудын чадавх бэхжүүлэх сургалтууд, иргэдийг мэдээллээр хангах зорилготой олон нийтэд хандсан мэдээлэл сурталчилгааны материал, нэвтрүүлгүүд бэлтгэн түгээх, сумын түвшинд иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд орон нутгийн Засаг захиргаатай хамтран дэд төслүүдийг зохион байгуулах, хууль тогтоомж, эрх зүйн орчинг сайжруулах, нэгдсэн бодлогоор хангах зэрэг олон талт үйл ажиллагааг хэрэгжүүлж байна.    

     Төслөөс зохион байгууулсан дээрх үйл ажиллагаануудыг аймаг, сумдын холбогдох албан хаагчид, удирдлагуудтай хамтран хэрэгжүүлдэг бөгөөд үүний үр дүнд 2017 онд ЖГҮ-ий сумдын дундаж оноо 37.19%, 2018 онд 50.32%, 2019 онд 59.47% 2020 онд зорилтот түвшинд буюу 60,13%-д хүрээд байна. 

     2021 оны ЖГҮ 8 дугаар сарын 29-ийг дуустал үргэлжлэх бөгөөд "Тогтвортой амьжиргаа-3" төслийн зүгээс ЖГҮ-ий 330 сумын дундаж оноог 70%-д хүргэх зорилт тавин ажиллаж байна.

"ЖИЛИЙН ГҮЙЦЭТГЭЛИЙН ҮНЭЛГЭЭ" ХИЙХ ТУХАЙ САНГИЙН САЙДЫН АЛБАН БИЧИГ, ХУВААРИЙГ ЭНДЭЭС ҮЗНЭ ҮҮ!

2021 оны 08 сарын 01

Түгээх