"Тогтвортой амьжиргаа-3" төслөөс сумдын ОНХС-ийн үйл ажиллагааг сайжруулах зорилгоор 2016 оноос эхлэн жил бүр "Жилийн гүйцэтгэлийн үнэлгээ"/ЖГҮ/ хийж байна. 2021 оны ЖГҮ хийх гэж байгаатай холбогдуулан төслийн орон нутаг дахь ажилтнууд хариуцсан аймгийнхаа сумдад урьдчилсан сургалтыг хийж байна. 

     ЖГҮ нь сумдын ОНХС-ийн үйл ажиллагааг “олон нийтийн оролцоо”, “төлөвлөлт”, “ил тод байдал”, “хэрэгжилт”, “хяналт, шинжилгээ-үнэлгээ”, “өмчлөл” гэсэн 6 бүлгийн нийт 34 үзүүлэлтээр дүгнэдэг үнэлгээ ба үнэлгээ хийсэн анхны жил буюу 2016 онд 330 сумын дундаж оноо 31,62% байв.

     Эдгээр үзүүлэлтүүдээр сумдын ОНХС-ийн ерөнхий үйл ажиллагааг дүгнэх бөгөөд сумдын дундаж оноог өсгөх, сайжруулах шаардлагатай буюу бага оноо авсан үзүүлэлтүүдийг онгцойлон анхаарах, цаашлаад бүх үзүүлэлт, үйл ажиллагааг жигд өсгөхөд чиглэгдсэн үйл ажиллагаа явуулж 2020 он гэхэд сумдын дундаж оноог 60%-д хүргэх зорилго тавин ажиллав.

     Үүний хүрээнд орон нутгийн ажилтнуудын чадавх бэхжүүлэх сургалтууд, иргэдийг мэдээллээр хангах зорилготой олон нийтэд хандсан мэдээлэл сурталчилгааны материал, нэвтрүүлгүүд бэлтгэн түгээх, сумын түвшинд иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд орон нутгийн Засаг захиргаатай хамтран дэд төслүүдийг зохион байгуулах, хууль тогтоомж, эрх зүйн орчныг сайжруулах, нэгдсэн бодлогоор хангах зэрэг олон талт үйл ажиллагааг хэрэгжүүлж байна.    

     Төслөөс зохион байгууулсан дээрх үйл ажиллагаануудыг аймаг, сумдын холбогдох албан хаагчид, удирдлагуудтай хамтран хэрэгжүүлсэн бөгөөд үүний үр дүнд 2017 онд ЖГҮ-ий сумдын дундаж оноо 37.19%, 2018 онд 50.32%, 2019 онд 59.47% 2020 онд 60,13%-д хүрээд байна. 

     Өмнөх жилүүдэд ЖГҮ-г зөвхөн 330 суманд хийдэг байсан бол энэ жил Төв, Увс, Өмнөговь, Сүхбаатар, Өвөрхангай, Орхон 6 аймгийн ОНХС-д туршилтын байдлаар ЖГҮ хийхээр төлөвлөөд байна.

     2021 оны ЖГҮ-г өмнөх жилүүдийн адилаар хөндлөнгийн компаниуд хийх ба тэдгээр компаниудын хийсэн сум бүрийн үнэлгээний оноог нотлох баримтын хамт тулган шалгах, нягтлах ажлыг төсөл хэрэгжүүлэх нэгжээс хийсний үндсэн дээр үнэлгээний дүнг эцэслэж, болзол хангасан сумдад "гүйцэтгэлд суурилсан урамшуулал"-ыг бодож 2022 оны төсөвт суулгах юм. Үнэлгээ 8 дугаар сарын 2-оос 29-ий өдрүүдэд үргэлжилнэ. 

2021 оны 07 сарын 26

Түгээх