ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН САНГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЖАГСААЛТЫГ ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ ХЭРХЭН БАТАЛДАГ ВЭ?

     Иргэд, та бид 1-5 дугаар сард баг/хорооны Засаг даргадаа “санал асуулгын хуудас”, “бүлгийн ярилцлага”, “цахим” гэсэн гурван хэлбэрээр “Орон нутгийн хөгжлийн сан”/ОНХС/-ийн санхүүжилтээр сум/дүүрэгтээ 2021 онд ямар хөрөнгө оруулалт хийлгэх хүсэлтэй байгаа саналаа гаргаж, Иргэдийн нийтийн хурал/ИНХ/-даа оролцон санал тус бүрийг хэлэлцэн, эрэмбэлж баталсан билээ. 

     Баг/хороодын ИНХ-аас иргэд өөрсдийн оролцоотойгоор эрэмбэлж, баталсан энэхүү саналын жагсаалтуудыг сум/дүүргийн ОНХС-ийн ажлын хэсэг 6 дугаар сард багтаан нэгтгэж “нэгдсэн жагсаалт”-ыг гаргадаг. Харин энэхүү жагсаалтыг 12 дугаар сард орон нутгийн төсөв батлахтай хамтатган сум/дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал/ИТХ/ баталдаг билээ. 

     Тэгвэл иргэд бидний төлөөлөл болсон ИТХ-ын төлөөлөгчид энэхүү жагсаалтыг хэрхэн батлах ёстой вэ?

     ОНХС сан бол иргэдийн бодит хэрэгцээнд тулгуурласан хөрөнгө оруулалтыг бий болгох зорилготой сан юм. Иймээс жил бүр иргэдээсээ саналыг нь сонсож, тэдний амьдрах орчныг сайжруулахад юу шаардлагатай байгаа бодит хэрэгцээг нь тодорхойлохын тулд баг/хорооны Засаг дарга нар саналыг нь асуудаг. 

     Мэдээж олон иргэд үр ашгийг нь хүртэх боломжтой, дийлэнх олонхын саналаар батлагдсан хөрөнгө оруулалт дэмжигдэх нөхцөлийг хууль, тогтоомжоор хамгаалсан байдаг. Орон нутгийн төсвийн багахан хэсгийг эзэлдэг ОНХС-ийн санхүүжилт нь иргэнийхээ хэрэгцээ, шаардлагад нийцсэн, тэдний саналаар гарсан хөрөнгө оруулалтуудад зарцуулагдах ёстой тул сум/дүүргийн ИТХ нь ОНХС-ийн дараа онд гүйцэтгэх хөрөнгө оруулалтын нэгдсэн жагсаалтыг ажлын хэсгээс ирүүлсэн саналын дагуу, тухайн жилийн төсөвтөө тохируулан батлах нь зүй ёсны юм. 

     “Тогтвортой амьжиргаа-3”/ТА-3/ төслөөс 2016 оноос хийж эхэлсэн “Жилийн гүйцэтгэлийн үнэлгээ”/ЖГҮ/-ий “гүйцэтгэл” бүлэг үзүүлэлтээс авч үзвэл тухайн сумын ИТХ нь хууль, журамд нийцээгүй эсвэл иргэдийн санал аваагүй хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээг нэгдсэн жагсаалт дээр нэмж оруулж баталсан тохиолдол ажиглагддаг. Энэ нь хууль, тогтоомжид нийцээгүй тул аудитын хяналт, шалгалтаар зөрчил болон илэрдэг. Тэгвэл иргэн та ч мөн энэхүү үйл ажиллагаанд хяналт тавих эрхтэй гэдгийг мартаж болохгүй. 

     Төсвийн тухай хуулиар ОНХС-ийн хөрөнгийг дараах зүйлд зарцуулахыг хориглодог. Үүнд:  

60.3.1.орон нутгийн төсвөөс санхүүжүүлэхээр хуулиар тогтоосон чиг үүргээс бусад хөтөлбөр, арга хэмжээ.
60.3.2.улс төрийн нам, төрийн бус байгууллагын зарлага;
60.3.3.үндэсний их баяр наадмаас бусад баяр, наадам, ойн арга хэмжээ, шашны зан үйлийн болон ёслолын зардал;
60.3.4.нийтийн эрх ашигт нийцээгүй үйл ажиллагаа;
60.3.5.зээл олгох, санхүүгийн үр дагавар бүхий баталгаа гаргах, хохирлыг нөхөн төлөх үүрэг авах;
60.3.6.орон нутгийн иргэдийн саналыг аваагүй, орон нутгийн төсвийн төлөвлөгөөнд тусгаж батлаагүй зардал, арга хэмжээ.

ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛЬ ҮЗЭХ

ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН САНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖУРАМ ҮЗЭХ

ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН САНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ГАРЫН АВЛАГА ҮЗЭХ

2020 оны 08 сарын 18

Түгээх