“Тогтвортой амьжиргаа-3” /ТА-3/ төслөөс 2016 оноос эхлэн сумдын “Орон нутгийн хөгжлийн сан”/ОНХС/-ийн үйл ажиллагаанд “Жилийн гүйцэтгэлийн үнэлгээ”/ЖГҮ/-г 4 дэх жилдээ хийж байна. Энэ оны үнэлгээг өмнөх жилүүдийн адилаар 4 дүгээр сард хийхээр төлөвлөж байсан ч “Ковид-19” цар тахлын улмаас хойшлогдон 8 дугаар сарын 3-ы өдрөөс эхэллээ. 

     ЖГҮ нь төслийн хоёрдугаар бүрэлдэхүүн хэсэг болох “Сайн засаглал - Үр дүнд суурилсан дэмжлэг үзүүлэх хөтөлбөр”-ийн хүрээнд хийгддэг ба үйл ажиллагаагаа сайн үнэлүүлсэн сумдад ОНХС-ийн өмнөх жилийн санхүүжилтийн 25%-тай тэнцэх хэмжээний урамшууллыг төсөвт суулган олгодог.  

     Үнэлгээг бие даасан, хөндлөнгийн байгууллагуудаар хийлгэдэг. Энэ оны хувьд MMCG, IRIM, ERI гэсэн төрийн бус байгууллагууд газар дээр нь очиж үнэлэх ажлыг хийж байна. ЖГҮ хийсэн эхний жил буюу 2016 онд 330 сумын улсын дундаж оноо 32% байсан бол 2017 онд 37%, 2018 онд 50%, 2019 онд 59.5%-д хүрээд байна. 

     Ийнхүү үнэлүүлсэн сумд тухайн жилийн ОНХС-ийн үйл ажиллагааныхаа аль хэсгийг сайжруулах шаардлагатай байгаадаа дүн шинжилгээ хийх боломжтой болдог бөгөөд энэхүү үзүүлэлт дээр тулгуурлан төслийн зүгээс удирдлага, арга зүйгээр хангах, чадавх бэхжүүлэх сургалтуудыг зохион байгуулах, ОНХС-ийн үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх олон талт үйл ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна. 

     Төслөөс жил бүр сайжирч буй улсын дундаж оноог энэ онд 60%-д хүргэх зорилт тавин ажиллаж байна.

ӨМНӨХ ЖИЛҮҮДИЙН ЖИЛИЙН ГҮЙЦЭТГЭЛИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ТАЙЛАН ТАТАЖ ҮЗЭХ


 

2020 оны 08 сарын 14

Түгээх