“Тогтвортой амьжиргаа-3” төслийг 2 жилээр сунгах нэмэлт санхүүжилтийн гэрээнд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Андрей Михнев нар гарын үсэг зурлаа. 

     Нэмэлт санхүүжилт 12 сая ам.доллар бөгөөд энэ нь “Орон нутгийн хөгжлийн сан”/ОНХС/-ийн үйл ажиллагааг дэмжих, сайжруулах, 330 сумын ОНХС-нд гүйцэтгэлд суурилсан “урамшуулал”-ыг олгох, иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд чухал шаардлагатай санхүүжилт юм. 

     Өөрөөр хэлбэл ОНХС-ийн хөрөнгийн эх үүсвэр буурч байсантай холбоотойгоор Засгийн газраас авч хэрэгжүүлсэн арга хэмжээ болох “Гүйцэтгэлд суурилсан урамшуулал”-ын тогтолцоог ТА-3 төслөөр дамжуулан 2017 оноос бий болгосон бөгөөд энэ нь 330 сумын ОНХС-ийн үйл ажиллагаанд тодорхой шалгуурын дагуу үнэлгээ хийсний үндсэн дээр өнгөрсөн оны ОНХС-ийн санхүүжилтийн 25%-тай тэнцэх хэмжээний “урамшуулал”-ыг олгож ирсэн.  

     Мөн түүнчлэн иргэдийн саналаар бий болох хөрөнгө оруулалтад зарцуулагддаг энэхүү төсвийг нэмэгдүүлэх зорилгоор төслийн зүгээс бүх сумдын ОНХС-нд “ерөнхий дэмжлэг”-ийг олгодог. 

     Цаашид ч нэмэлт санхүүжилтээр батлагдаж буй 12 сая ам.доллар нь ОНХС-ийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулдаг албан хаагчдыг сургах, чадавхжуулах, энэ сангийн үйл ажиллагаанд саналаа гаргаж оролцдог иргэдийн мэдлэг, оролцоо, хяналтыг сайжруулах, орон нутагт хийгдэх хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд зарцуулагдах юм. 

     ОНХС нь орон нутгийн хөгжлийг дэмжих, бүс нутгийн тэнцвэртэй байдлыг хангах, иргэд тогтвор суурьшилтай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилготой. Өөрөөр хэлбэл иргэдийн саналаар зарцуулагдах, бодит хэрэгцээнд нь тулгуурласан хөрөнгө оруулалтыг бий болгоход чиглэсэн санхүүжилт юм. 

     Иргэд ОНХС-ийн үйл ажиллагаанд жил бүрийн 1-5 дугаар сард саналаа гаргаж, гарсан саналуудыг эрэмбэлэх Иргэдийн нийтийн хурлын хуралдаандаа биечлэн оролцож, орон нутагтаа ямар хөрөнгө оруулалтыг хийх вэ гэдгийг өөрсдөө шийддэг сан юм. 

2020 оны 04 сарын 27

Түгээх