“Тогтвортой амьжиргаа-3” төслөөс зохион байгуулж буй “Орон нутгийн хөгжлийн санг төлөвлөх, төсөл, арга хэмжээг эрэмбэлэх арга зүй” сэдэвт сургалтад Баянхонгор аймгийн 20 сумаас 103 багийн Засаг дарга, ОНХС-ийн ажлын хэсгийн 103 гишүүд оролцож, 7 ээлжийн сургалтыг амжилттай зохион байгуулж дууслаа. 

      Баянхонгор аймаг нь “Тогтвортой амьжиргаа-3” төслөөс жил бүр ОНХС-ийн үйл ажиллагаанд хийдэг Жилийн гүйцэтгэлийн үнэлгээний дүнгээ сайжруулж 2018 онд 16 сум 311 сая төгрөгийн урамшууллыг авч ОНХС-ийн хөрөнгийн эх үүсвэрийн хэмжээг нэмэгдүүлээд байна.

         Мөн 2017 онд Хүрээмарал, Заг сумдад ОНХС-ийн төлөвлөлт болон хяналтад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх туршилтын дэд төслийг хэрэгжүүлж иргэдийнхээ оролцоог 3 дахин нэмэгдүүлж чадсан юм. Энэ туршлага дээрээ үндэслэн “Тогтвортой амьжиргаа-3” төслөөс 2018 онд зохион байгуулж буй иргэдийн оролцоог нэмэгдүүлэх сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх ажлын хүрээнд аймгийнхаа бүх сумдад “Иргэдийн оролцоотой тогтвортой хөгжил” дэд төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Энэ ажилд Баянхонгор аймгийн ЗДТГ, аймаг дахь чадавх бэхжүүлэх багийн гишүүд анхааран ажиллаж, ирэх 4 дүгээр сард аймгийнхаа бүх сумдад 4 ажлын хэсэг гарган ажиллахаар төлөвлөжээ. 

     “Орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагааны журам” шинээр батлагдсантай холбоотойгоор “Тогтвортой амьжиргаа-3” төслөөс 5 бүлэг бүхий гарын авлагыг боловсруулсан ба 1, 2 дугаар бүлгийн гарын авлагын сургалтыг ийнхүү 3 дугаар сарын 11-ий өдрөөс улс орон даяар нэгэн зэрэг зохион байгуулж байгаа юм. 

       Энэхүү багц гарын авлагын 1 дүгээр бүлэг нь ОНХС-ийн үйл ажиллагааг төлөвлөх буюу иргэдийн саналыг авах, ИНХ-аараа баталгаажуулан эрэмбэлэх ажлыг зохион байгуулдаг багийн Засаг дарга, ИНХ-ын тэргүүлэгчдэд зориулсан бол 2 дугаар бүлэг нь багуудаас ирсэн саналын жагсаалтыг ач холбогдол, ашиг хүртэгчдийн тоо, сумын хөгжлийн бодлого, төлөвлөлтөд нийцүүлэн эрэмбэлэх үүрэг бүхий сумын ажлын хэсгийн гишүүдэд зориулсан.  

      Сургалтад 330 сумын бүх багийн Засаг дарга, ИНХ-ын дарга, сумын ОНХС-ийн ажлын хэсгийн гишүүд, хэвлэл мэдээллийн ажилтнууд зэрэг нийт 3300 гаруй оролцогчид хамрагдах юм. 

2019 оны 03 сарын 29

Түгээх