“Тогтвортой амьжиргаа-3” төслөөс зохион байгуулж буй “Орон нутгийн хөгжлийн санг төлөвлөх болон төсөл, арга хэмжээг эрэмбэлэх” сэдэвт сургалт өнөөдөр бүх 21 аймгийн төвд нэгэн зэрэг эхэллээ. 

          Энэхүү сургалт нь багийн Засаг дарга, Иргэдийн нийтийн хурлын дарга, сумын ажлын хэсгийн гишүүд, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл гэсэн улсын хэмжээнд нийт 330 сумын 3300 гаруй оролцогчийг хамруулах юм. 


         

         “Тогтвортой амьжиргаа-3” төсөл нь Монгол улсын нийт сумдын ОНХС-ийн үйл ажиллагааг сайжруулах зорилготой хэрэгждэг. Энэ хүрээнд шинээр батлагдсан “ОНХС-ийн үйл ажиллагааны журам”-ын дагуу 5 бүлэг бүхий багц гарын авлага боловсруулж, эхний 2 бүлгийн сургалтыг ийнхүү эхлүүллээ.
       Сургалтад оролцогчдын мэдлэг, чадвар нэмэгдсэнээр суманд хуваарилагдсан ОНХС-ийн санхүүжилтээр хийгдэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээг тухайн сумын иргэдийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн төлөвлөж, эрэмбэлэхэд ихээхэн ач холбогдолтой. 

 


             

           Учир нь ОНХС-ийн хөрөнгийн эх үүсвэрийг иргэдийн саналд тулгуурлаж, иргэд саналаа өгсний үндсэн дээр хамгийн өндөр санал авч, эрэмбэлэгдсэн хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээг санхжүүжүүлдэг. Иймд оролцогчид ОНХС-ийн үйл ажиллагаанд иргэдийг идэвхтэй оролцуулах, ирсэн саналыг зөв зүйтэй нэгтгэх, эрэмбэлэх зэрэг чадваруудыг эзэмшинээр иргэдийн бодит хэрэгцээнд тулгуурласан хөгжил, бүтээн байгуулалтыг сумын түвшиндээ бий болгох боломж улам бүр нэмэгдэх юм. 


           

               ОНХС-ийн санал авах үйл ажиллагаа нь жил бүрийн1-5 дугаар сард үргэлжилдэг ба иргэд өөрсдийн амьдарч буй орчиндоо ОНХС-ийн хөрөнгийн эх үүсвэрээр ямар хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээг хийлгэх хүсэлтэй байгаагаа саналын хуудас, бүлгийн ярилцлага, цахим хэлбэрээр саналаа өгдөг. Дараа 5-р сард болох ИНХ-даа биечлэн очиж өөрсдийн өгсөн саналаа баталгаажуулдаг. Энэ эрх нь Монгол улсын иргэн бүрд ижил тэгш, нээлттэй бөгөөд хэрэв танай гэрт саналын хуудас очоогүй бол харьяа багийн Засаг даргадаа хандан саналаа өгөх, мэдээлэл авах боломжтой. 


           

              ОНХС-ийн багц гарын авлагын Бүлэг 1, 2-ын сургалт 21 аймгийн төв дээр 3 дугаар 23-ыг дуустал үргэлжлэх бол үүний дараа 3, 4, 5 дугаар бүлгийн сургалтыг мөн улсын хэмжээнд зохион байгуулах юм. Бүлэг 1, 2-ын сургалтыг иргэдийн оролцооны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 5 төрийн бус байгууллагатай хамтран зохион байгуулж байна. 


2019 оны 03 сарын 11

Түгээх