"Дэлхийн банк", "Швейцарын хөгжлийн агентлаг"-ийн санхүүжилтээр хэрэгжиж буй “Тогтвортой амьжиргаа-3” /ТА-3/ төслийн ажлын хэсэг Дундговь, Өмнөговь аймгуудад ажиллаж байна. 

      Энэ удаагийн томилолтын багт "Дэлхийн банк", "Швейцарын хөгжлийн агентлаг", Сангийн яам, ТА-3 төслийн өргөн бүрэлдэхүүнтэй баг Дундговь аймгийн Сайнцагаан, Өмнөговь аймгийн Даланзадгад, Хулд, Цогтцэций, Ханбогд, Манлай сумдын удирдлагууд болон иргэд, малчидтай уулзаж, Орон нутгийн хөгжлийн сан/ОНХС/-ийн үйл ажиллагаатай танилцаж байна. 

      

          Өмнөговь аймгийн ОНХС-нд 2019 онд улсын төсвөөс 3.6 тэрбум төгрөг хуваарилагдсан бөгөөд төслийн хүрээнд аймгийн бүх 15 суманд 473 сая төгрөгийн "ерөнхий дэмжлэг" үзүүлэхээр батлагдсан. Мөн ТА-3 төслөөс жил бүр сумдын ОНХС-ийн үйл ажиллагаанд хийдэг “Жилийн гүйцэтгэлийн үнэлгээ”/ЖГҮ/-ээр тус аймгийн 12 сум 255 сая төгрөгийн "урамшуулал" авах болзол хангаад байна. 


         Өмнөговь аймгийн ЖГҮ-ий дундаж дүн тогтмол өссөн үзүүлэлттэй байна. Тухайлбал аймгийн нийт сумдын ОНХС-ийн дундаж үнэлгээ 2016 онд 43.4% байсан бол 2017 онд 49.6%, 2018 онд 52.1% болж сайжирчээ.  


      Тэр дундаа Өмнөговь аймгийн Цогтцэций сум 2017 оны ЖГҮ-ээр 71.6%-ийн үзүүлэлтээр улсын хэмжээнд 330 сумаас хоёрдугаарт орж байсан бол Сэврэй сум 69.8%-аар тав дугаар байранд жагсаж байв. Харин 2018 оны ЖГҮ-ээр сумдын бүх үзүүлэлт ерөнхийдөө сайжирсан боловч бусад аймгуудын сумдын үзүүлэлт эрс сайжирснаас шалтгаалан нэг ч сум эхний аравт багтаж чадаагүй байна.  

           Харин ЖГҮ-ий олон нийтийн оролцооны бүлэг үзүүлэлт өмнөх оноос огцом сайжирч 23%-аас 46% болж өсжээ. 

         Дундговь аймгийн хувьд 2019 онд ОНХС-нд улсын төсвөөс 3.1 тэрбум төгрөгийн санхүүжилт хуваарилагдсан бол нийт 15 сум 296 сая төгрөгийн "ерөнхий дэмжлэг", ЖГҮ-ий үр дүнд 12 сум 158 сая төгрөгийн "урамшуулал", авах болзол хангаад байна.
     

       Дундговь аймгийн ЖГҮ-ий дундаж үнэлгээ 2016 онд 37.4% байсан бол 2017 онд 36.1%, 2018 онд 50.2% болж жил ирэх бүр өссөн үзүүлэлттэй байна. 


         2017 онд Баянжаргалан сум 68.2%-ийн үзүүлэлтээр улсын хэмжээнд 7 дугаар байранд жагсаж байсан бол 2018 онд аль ч сум эхний 10 байранд орж чадаагүй. 

          ЖГҮ-ий "Олон нийтийн оролцооны бүлэг үзүүлэлт" нь иргэдийг оролцуулсан байдал, санал авсан байдал зэргээс шалтгаалан үнэлгээ өгдөг бөгөөд энэ үзүүлэлт нь сумдын хувьд бусад үзүүлэлттэй харьцуулахад бага оноо авдаг бүлэг юм. Тэгвэл ТА-3 төслийн зүгээс 2018 онд ОНХС-ийн үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх туршилтын дэд төслүүдийг 2 шаттайгаар 30 өөр суманд хэрэгжүүлсэн бөгөөд эдгээрээс гарсан сайн туршлагуудыг улсын хэмжээнд 330 суманд хэрэгжүүлэхээр ажиллаж байна. 


       Энэ ажилд аймаг, сумдын удирдлагууд ч ач холбогдол өгч өөрсдийн орон нутагт тохирох төлөвлөгөөг боловсруулан тодорхой хэмжээний төсөв төлөвлөн хэрэгжүүлэхээр төсөл хэрэгжүүлэх нэгжид төлөвлөгөөгөө ирүүлэн хамтран ажиллаж байна. 

     Өмнөговь аймгийн Гурвантэс, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумд "ОНХС-ийн төлөвлөлтийн шатанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх туршилтын дэд төсөл"-ийг хэрэгжүүлсэн бол Өмнөговь аймгийн Мандал-Овоо, Ханхонгор, Дундговь аймгийн Өндөршил сумд "ОНХС-ийн хяналтын шатанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх туршилтын дэд төсөл"-ийг хэрэгжүүлсэн. 

         Дээрх дэд төслүүдийн хүрээнд иргэдийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд сургалт, нэг цэгийн үйлчилгээ, явуулын аяны богц, эрүүл мэнд, урлаг, соёлын арга хэмжээ, танин мэдэхүйн нэвтрүүлэг, иргэдийг уриалсан шторк, тараах материал зэргийг хийж хэрэгжүүлсэн бөгөөд үүний үр дүнд ОНХС-ийн төлөвлөлт болон хяналтын шатанд иргэдийнхээ оролцоог тодорхой хэмжээнд нэмэгдүүлсэн амжилттай байна. 

 

2019 оны 03 сарын 01

Түгээх