"Тогтвортой амьжиргаа-3" төслийн хүрээнд 2013-2016 онд ОНХС-ийн хөрөнгийн эх үүсвэрээр санхүүжүүлсэн хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээнд техникийн аудит хийх байгууллагаар "Шинэ Их Тэрбум Аудит" ХХК шалгарч өнгөрөгч оны 10 дугаар сард ажлаа эхлүүлсэн. 

    Энэ ажлын хүрээнд ОНХС-ийн хөрөнгийн эх үүсвэрээр сумдад хийгдсэн хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээнүүдийн зураг төслийн дагуух гүйцэтгэл, ашиглалтын түвшин, эдийн засгийн үр ашиг зэрэгт хөндлөнгийн аудит хийх ба нийт 330 сумаас 66 сумыг түүвэрлэн сонгож судалгааг хийж байна. 

    "Тогтвортой амьжиргаа-3" төсөл нь хөдөө орон нутагт тэргүүлэх ач холбогдол бүхий хөрөнгө оруулалтыг төлөвлөх, хэрэгжүүлэх, түүнд засаглал болон иргэд, олон нийтийн оролцоог сайжруулах зорилгоор МУ-ын 330 сумыг хамран үйл ажиллагаа явуулдаг. Өөрөөр хэлбэл нийт сумдын ОНХС-ийн үйл ажиллагааг сайжруулах, ОНХС-ийн үйл ажиллагаанд иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд анхаардаг.

      Техникийн аудитыг хийснээр ОНХС-ийн санхүүжилтээр 2013-2017 онд сумдад хэрэгжүүлсэн хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээнүүдийн техникийн гүйцэтгэл, хөрөнгийн ашиглалтын байдалд хараат бус үнэлгээ өгөх, улмаар ОНХС-ийн цаашдын үйл ажиллагаанд анхаарах асуудлууд, сайн туршлагыг тодорхойлох юм.

       Өөрөөр хэлбэл ОНХС-ийн хөрөнгийн эх үүсвэрээр хэрэгжсэн хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээнүүдэд: 

                                    1) Техникийн шаардлага хангагдсан байдал,

                                    2) Хөрөнгө оруулалтын зардлын үр ашигтай байдал,

                                    3) Гүйцэтгэж, хүлээлгэн өгснөөс 3 жилийн дараах ашиглалтын байдал болон засвар үйлчилгээ хийгдсэн байдал

                                    4) Байгаль орчин, нийгэмд үзүүлэх нөлөөлөл зэрэг үзүүлэлтүүдээр үнэлэх юм.

      ОНХС-ийн хөрөнгийн эх үүсвэрээр хийгдэж буй хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний чанар, үр ашиг, хэрэгжилтэд хийж буй техникийн аудитын тайлангийн дүн 4-р сард гарна. 


 

2019 оны 01 сарын 25

Түгээх