Эх сурвалж: “Өнөөдөр" сонин /2019.05.23-ы өдрийн дугаар/

Б.Номин

2013-2019 онд “Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан”-д 895 тэрбум төгрөг хуваарилагджээ


           Хүн бүр өмнөхөө хийж, өөрт ногдсон эрхээ эдэлж, үүргээ биелүүлээд явбал амьдрал ямар амар байх бол. Үүргээ биелүүлэхээ байг гэхэд эрхээ эдлэлгүй, хэнэггүйтэх явдал бас байх юм. Юутай ч бид эхлээд өөрөөс шалтгаалах бүхнээ хийчхээд дараа нь яръя. Магадгүй шүүмжилье. Өвлийн хүйтэнд үнэгэн харанхуйгаар үр хүүхэд нь айж, ичин байж сургууль, гэрийн хооронд гүйж байгаад сэтгэл зовниж, басхүү бухимддаг эцэг эх олон гэдэгт итгэлтэй байна. Гэвч гудамж, хороогоо гэрэлтүүлэгтэй болгох саналыг та өөрөө гаргаж, түүнийгээ бодитой ажил хэрэг болгож, бүр гүйцэтгэл, хэрэгжилтэд нь хяналт тавих эрхтэйгээ бидний олонх нь мэддэггүй. Мэддэг ч үл тоодог. Энэ мэт жишээ олныг нэрлэж болно. Та бидний өдөр тутмын амьдралын салшгүй хэсэг болж, тав алхаад л тулгардаг олон асуудлыг шийдэхэд өөрсдийн маань оролцоо юу юунаас чухал юм шүү. 

        Хүн амынх нь тэн хагас нь төв бараадаж, нийслэл Улаанбаатартаа нягтрал ихтэй оршин суудгийг эс тооцвол бидний цөөхөн монголчууд энэ өргөн уудам нутаг дэвсгэрт тархан суурьшсан гэхэд болно. Тиймээс ч засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагатай хослуулах үндсэн дээр нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг бие даан зохион байгуулж, үйл ажиллагаандаа ардчиллын зарчмуудыг шингээж, үндэсний эв нэгдлийг хангахаар хуульчилсан. 

       Тэгвэл тэр л нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын тогтолцооны хамгийн анхан шатны нэгж нь баг, хорооны Иргэдийн нийтийн хурал гэдгийг хэд нь мэдэх бол. Хуульд заасанчлан Иргэдийн нийтийн хурлын хуралдааныг жилд гурваас доошгүй удаа хийх ёстой. Тус хуралдаанд зөвхөн танай баг, хорооны сонгуулийн насны иргэн бүр оролцож болно. Гэхдээ манайхны идэвх, оролцоо сул, нүүдлийн ахуй, соёлоос шалтгаалан хуралдаа тун хойрго ханддаг. Юутай ч Иргэдийн нийтийн хурлын хуралдаанд багт дөрвөн өрх тутам, хороо, аймгийн төвийн сумын багт 20-30 өрх тутмаас тус бүр нэг хүн хүрэлцэн ирсэн тохиолдолд хүчинтэйд тооцдог юм шүү. Эндээс тухайн баг, хорооны иргэд Засаг даргад нэр дэвшүүлэх, огцруулах, чөлөөлөхөөс авхуулаад хийсэн ажлыг нь үнэлж, дүгнэх эрх эдэлдэг. 

        Өөр бусад хуулиар олгосон онцгой гэмээр эрхүүд ч бий. Тэдгээрийн нэг нь "Төсвийн тухай хууль"-ийн дагуу тухайн орон нутгийн иргэд "Орон нутгийн хөгжлийн сан"-ийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, төсөл, хөтөлбөрүүдийг санаачлан, шийдвэр гаргахад оролцох эрх болохыг та мэдэх үү. НӨАТ, газрын тос болон ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, хайгуул, олборлолт хийх тусгай зөвшөөрлийн орлого зэрэг эх үүсвэрээс бүрддэг Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас аймаг, нийслэл, сум, дүүрэгт жил бүр хуваарилдаг. Тус санд 2013-2019 онд нийт 895 тэрбум төгрөг хуваарилсан байх жишээтэй. Чухам танай сум, дүүрэг, цаашлаад аймаг, нийслэлд хуваарилсан тэр л хөрөнгийг юунд зарцуулах вэ гэдэгт бид Иргэдийн нийтийн хурлаараа дамжуулан саналаа хэлж, бодитой хэрэгжүүлэх боломжтой юм. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр дэд бүтэц, нийтийн эзэмшлийн талбайн тохижилт, гэрэлтүүлгийг сайжруулах, бэлчээр хамгаалах, инженерийн хийцтэй худаг гаргах, булаг, шандыг хамгаалах зэрэг олон төсөл, арга хэмжээг санхүүжүүлж ирсэн. 

         Таны санал, идэвх, оролцоогоор бий болсон бүтээн байгуулалт сэтгэлд ойрхон байх нь дамжиггүй. Баг, хороо, гудамж, байранд тань хэрэгтэй, хиймээр байна хэмээн санаачилсан бүтээн байгуулалт, төсөл, хөтөлбөрийг тань хэрхэн хэрэгжүүлж, гүйцэтгэж байгаад хүртэл өөрийн эрхгүй сэтгэл чилээнэ, өөриймсөг хандана. Тэгэх ч эрхтэй юм, та. “Бурууд нүд хурц” гэдэгчлэн зүй ёсны шаардлага тавьж, хошуу нэмэрлэн, хяналт тавих эрх таных.   

        Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг хэрхэн зарцуулах талаар жил бүрийн 1-5 дугаар сард иргэдээс санал авдаг. Тухайн баг, хорооны Засаг даргын зохион байгуулалтаас шалтгаалаад дээрх хугацааны аль ч үед иргэдийн санал авах, Иргэдийн нийтийн хурлыг хуралдуулах боломжтой гэсэн үг. Хамгийн гол нь бидний гаргасан нийт саналыг хэлэлцэн, эрэмбэлэх Иргэдийн нийтийн хуралдаа биечлэн оролцсоноор ирэх онд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр ямар хөрөнгө оруулалтыг өөрийн хороо, багт хийлгэх хүсэлтэй буйгаа баталгаажуулаарай. Хэрэв та саналаа өгч амжаагүй, танай гэрт саналын хуудас очоогүй бол баг, хорооныхоо Засаг даргад хандан, эрхээ эдлээрэй. Тавдугаар сар дуусахад найм хоног үлдлээ. 

2019 оны 07 сарын 31

Түгээх