"Тогтвортой амьжиргаа-3" төслийн хүрээнд 2020 онд 330 сумын ОНХС-ийн үйл ажиллагаанд "Жилийн гүйцэтгэлийн үнэлгээ"/ЖГҮ/-г хийж гүйцэтгэн, үнэлгээний дүнг нэгтгэн онооны дарааллаар жагсааж, гүйцэтгэлд суурилсан урамшуулал олгох сумдыг тодорхойлж 2021 оны төсвийн төсөлд тусгадаг. Тус үнэлгээг ОНХС-ийн үйл ажиллагааг сайжруулах зорилгоор 2016 оноос эхлэн хийсэн бөгөөд үнэлгээ хийсэн анхны жил буюу 2016 онд улсын хэмжээнд сумдын дундаж оноо 32% байсан бол жил бүр өссөөр 2020 онд 60.13%-д хүрч өсжээ.

       Энэ дунд 2016, 2017 онд Дорноговь аймгийн Эрдэнэ сум 76.7%-аар хамгийн өндөр үнэлгээ авч сумдыг тэргүүлж байв. Хамгийн дээгүүр эрэмбэлэгдсэн 10 сумын үнэлгээ 65.58-76.70 хувьтай байв. Дорноговь аймгаас Эрдэнэ, Улаанбадрах сум тус тус багтсан. 

2017 оны хамгийн өндөр оноотой 10 сум

2018 оны хамгийн өндөр оноотой 10 сум

     2020 онд хийгдсэн сумдын ОНХС-ийн ЖГҮ-ий дундаж үзүүлэлтийг сум  бүрээр харьцуулахад Дэлгэрэх, Даланжаргалан, Замын-Үүд, Иххэт, Мандах, Өргөн сумдын дундаж 60-80% буюу бусдаасаа харьцангуй өндөр үнэлгээ авчээ.  

Гүйцэтгэлд суурилсан урамшуулал

     2016-2019 оны ЖГҮ-ий үр дүнд болзол хангасан сумдад ОНХС-ийн өмнөх жилийнх нь санхүүжилтийн 25%-тай тэнцэх хэмжээний “урамшуулал” олгодог байсан бол 2020 онд хийсэн үнэлгээгээр 80%-аас дээш үнэлүүлсэн сумдад ОНХС-ийн санхүүжилтийн 50%, 60-79% оноотой дүгнэгдсэн сумдад 40%,  54-59% оноотой сумдад 25 хувьтай тус тус тэнцэх хэмжээний “урамшуулал”-ыг 2021 онд олгохоор тооцсоноороо онцлог байна. Өөрөөр хэлбэл ОНХС-ийн үйл ажиллагаагаа хууль, журмын дагуу зөв удирдан зохион байгуулж, иргэдийнхээ оролцоог нэмэгдүүлж харьцангуй өндөр оноо авсан сумд ОНХС-ийн хөрөнгийнхөө хэмжээг нь нэмэгдүүлдэг билээ.

Тэгвэл "Тогтвортой амьжиргаа-3" төслөөс 2018 онд нийт 330 сумдад 16 орчим тэрбум төгрөгийн "дэмжлэг", "урамшуулал", 2019 онд 11 тэрбум төгрөгийн "дэмжлэг", "урамшуулал" олгосноос Дорноговь аймгийн сумдад: 

     2019 онд 762.1 сая төгрөгийн "дэмжлэг", "урамшуулал", 2020 онд нийт 518.6 сая төгрөгийн "урамшуулал", "дэмжлэг" авч байна. 

     2016, 2017, 2018, 2019 онуудад Дорноговь аймгийн 14 сумаас 13 сум нь "урамшуулал" авснаар хамгийн олон сум нь "урамшуулал" авсан аймаг болж байлаа. Харин 2020 оны ЖГҮ үнэлгээгээр 14 сумаас Дэлгэрэх сум 80%-тай аймагтаа 1-рт, 330 сумаас 28-д эрэмбэлэгдэв. Аймгийн нийт 14 сумаас 10 сум нийт 301,8 сая төгрөгийн урамшуулал авч, ОНХС-ийн хөрөнгийнхөө хэмжээг нэмэгдүүлж чадлаа. 
 

2021 оны 07 сарын 29

Түгээх