"Тогтвортой амьжиргаа-3" төсөл нь ОНХС-ийн оролцогч талуудыг чадавхжуулах үйл ажиллагааныхаа хүрээнд төрийн албан хаагчдыг чадавхжуулах сургалтыг зохион байгуулдаг. Цар тахлын улмаар олон хүн цуглах, сургалтын үйл ажиллагааг зохион байгуулах боломжгүй байгаатай уялдуулан өнгөрсөн жилээс эхлэн сургалтуудыг цахимаар зохион байгуулан ажиллаж байгаа билээ. 

     Төслөөс ОНХС-ийн үйл ажиллагааг зохион байгуулагч төрийн албан хаагчдад сургалтыг үе шаттайгаар зохион байгуулж байна. Тухайлбал энэ жилийн хувьд Аймаг дахь чадавх бэхжүүлэх багийн гишүүд болон орон нутаг дахь төслийн ажилтнуудыг оролцуулсан сургалтыг зохион байгуулсан бөгөөд эдгээр оролцогчид цаашаагаа сумдынхаа ОНХС-ийн зохион байгуулагчд албан хаагчдад хичээлийг цахим хэлбэрээр зааж байна. 

     Ингэснээр 330 сумын ЗДТГ-ын албан хаагчид болон бүх багийн Засаг дарга нар ОНХС-ийн мэдлэгээ нэмэгдүүлэх юм. Энэ жилийн хувьд өнгөрсөн жил болсон орон нутгийн сонгуультай холбоотойгоор зарим албан тушаалтнууд солигдсон байгаа тул сургалтыг зохион байгуулах зайлшгүй шаардлагатай байгаагаараа онцлог байна. 

     Төслөөс ОНХС-ийн үйл ажиллагааны 5 бүлэг гарын авлагыг боловсруулсан бөгөөд энэхүү гарын авлагын хүрээнд цахим сургалтуудыг сумдад зохион байгуулж байгаа юм. Одоогийн байдлаар 14 аймаг сумддаа цахим сургалтыг зохион байгуулсан бол үлдсэн 7 аймаг энэ долоо хоногт багтаан сургалтыг хийж дуусгах хуваарьтай ажиллаж байна. 

     Мөн төслийн зүгээс дээр гарын авлагын агуулгыг багтаасан бие даан суралцах цахим порталыг хөгжүүлж байгаа бөгөөд тус вэбсайт ашиглалтад орсны дараа ОНХС-ийн үйл ажиллагааг хэрхэн удирдан зохион байгуулах болон түүнд оролцох талаарх бүх хичээлүүдийг хаанаас ч, хэн ч, ямар ч үнэ төлбөргүйгээр үзэх боломж нээлттэй болно.

2021 оны 05 сарын 11

Түгээх