Ховд/МОНЦАМЭ/.Орон нутгийн тухайн жилийн төсөв, түүний хэрэгжилтэд хяналт тавих, Хурлын дэргэдэх Хороодын үйл ажиллагааг жигдрүүлэх, хяналтыг хэрэгжүүлэх зорилгоор Ховд  аймгийн ИТХ, Жаргалант сумын ИТХ-ын болон “Тогтвортой амьжиргаа төсөл 3”-тай хамтран “Орон нутгийн хөгжлийн сангийн төлөвлөлт, хэрэгжилтэд хяналтыг хэрэгжүүлэх нь” сургалтыг 10 дугаар сарын 01-нд аймгийн Нутгийн Удирдлагын ордны Хуралдааны их танхимд зохион байгууллаа.


Сургалтын нээлтийн үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн,”Тогтвортой Амьжиргаа-3 “төслийн орон нутгийн удирдагч Ж.Батсайхан, аймаг Сумын ИТХ-ын төлөөлөгч, багийн ИНХ-ын дарга нар, багийн ИНХ-ын тэргүүлэгч, иргэдийн төлөөлөл, багийн ИНХ-ын Хяналтын бүлгийн гишүүд нийт  90 хүн тус тус хамрагдсан байна.
Сургалтаар ОНХС-ын хөрөнгөөр хийгдэх хөрөнгө оруулалт төсөл хөтөлбөр арга хэмжээг төлөвлөх, иргэдээс санал авах ажлыг хуулийн хүрээнд зохион байгуулах, ОНХС-ын хөрөнгөөр хийгдэх ажилд иргэдийн хяналтыг сайжруулах, ОНХС-ын хөрөнгөөр хийгдэх ажилд хяналт тавих, хадгалалт хамгаалалтыг сайжруулах, хяналтыг хэрэгжүүлэх талаар ярилцаж туршлага солилцлоо.

    Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалт сум,аймаг бүрт хүрч бүтээн байгуулалт хийгдэж, ард иргэдийн ая тухтай амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлэхэд чиглэгдсэн байдаг.Гэвч үүнтэй зэрэгцээд уг хөрөнгийн зарцуулалт маш их шүүмжлэлд  өртдөг.Тийм учраас Багийн ИНХ,Багийн Засаг дарга, иргэд ОНХС-ийн зарцуулалт,үр дүнд хяналт тавих, иргэдийг бэлтгэж,мэдлэг олгож,аргазүйн зөвлөгөө өгч,сургалтад оролцсон хүмүүс иргэдтэй хүрч ажиллах боломжийг олгож байна.

Оролцогчид  сургалтаар олж авсан мэдлэгээ бататгаж Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтын зарцуулалтад иргэдийн оролцоог сайжруулж, хэрхэн зөв зарцуулж,ямар үр дүнд хүрч байна гэдэгт хяналт тавих юм.

Аймгийн ИТХ-ын ажлын алба сургалтад оролцсон хүмүүсээс орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөд хэрхэн хяналт тавьсан талаар  тайлан авч,сургалтын үр дүнг хөрсөн дээр хэрэгжүүлэх бодлого барьж байна.

Ховд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди “ Сургалтад Иргэдийн хурлын төлөөлөгч нарыг оролцуулж байна.ОНХС-гийн хөрөнгө оруулалтыг зөв зарцуулбал ажил шуурхай байж, хөгжил дэвшил ирэх учиртай.Тийм учраас та бүхэн зөвд ташуур,бурууд хазаар болж ажиллаарай.Аймгийн ИТХ хяналтын чиг үүргээ эрчимжүүлж, ОНХС хянах, зөвлөх, хөрөнгө оруулалттай холбоотой асуудлыг хянах ажлын хэсэг байгуулсан.Сургалтын үр дүнд бүх шатанд хяналт тавих механизмыг сайжруулна” гэв.

Энэ удаагийн бүх шатны иргэдийн төлөөлөгч оролцсон сургалт ОНХС-гийн төлөвлөлт, хэрэгжилт, иргэдийн оролцоо, гүйцэтгэлийн тайлан, төсвийн тухай хууль,төлөвлөлтөд тулгарч буй асуудал,хяналтыг хэрэгжүүлэхэд аймгийн ЗДТГ-тай хэрхэн хамтарч ажиллах талаар ярилцав.

Мөн хяналтын журам хэрэгжүүлэх арга зам, иргэдээс санал асуулгын хуудсаар болон цахим санал авах ажил зохион байгуулах, цахим хуудсаар тогтмол мэдээлэл хөтлөх аргачлалыг заав. Иргэдийн оролцоотой хяналтыг сайжруулснаар орон нугийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийж буй ажлуудын үр ашиг нэмэгдэнэ гэж үзэж байна.

2018 оны 10 сарын 09

Түгээх